СЭЛЭНГЭ: Иж бүрэн мэдээлэл технологийн сургалтын танхим байгуулж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-07 13:00:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газрын төлөөлөгчид Сэлэнгэ аймагт энэ сарын 6-ны өдөр албан айлчлал хийлээ.

 

Зочдыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хишигбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа, тус газрын мэргэжилтэн Ж.Баасанжаргал, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын улсын тэргүүний 1-р сургуулийн захирал Ц.Рэнцэнноров, Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Өсөхжаргал нар хүлээн авч уулзлаа.  

  

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У Жон Жа, Олон улсын боловсролын хамтын ажилгааны хэлтсийн дарга Со Хи Сүн, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн И Сү Ми, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Кан Үнь Хи, “MSMorea” компанийн захирал Ким Мүн Сү нар байна.

 

БНСУ-ын Жэжү муж нь Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт онцгой хувь нэмэр оруулж байгаа юм. Тодруулбал өнөөдрийн байдлаар аймгийн төв Сүхбаатар сумын 1, 2, 4, Шаамар, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулиудад тус бүр 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн мэдээлэл технологийн сургалтын танхимыг байгуулж өгөөд байна.

 

Уулзалтын үеэр хүүхдийн сурах орчин нөхцөл, багш сурагчдын хөгжих боломж бололцоог бүрдүүлж амжилттай хамтран ажиллаж байгаад Засаг даргын зүгээс талархал илэрхийллээ.

 

“MSMorea” компанийн захирал Ким Мүн Сү “Бид энэхүү танхимыг байгуулахдаа тухайн сургуулийн шал, цахилгааны монтаж, давхарлагаа, өндөрлөгөө гээд бүхий л зүйлд онцгой анхаарч ажилладаг. Биднээс нэлээдгүй чадвар шаарддаг. Бидэнтэй ачаа буулгалтаас эхлээд угсралт, сургуульд хамтран ажилладаг сургуулиудын багш ажилчдад талархал илэрхийлье” гэв. 

Холбоотой мэдээ