ДАРХАН-УУЛ: Хонгор сумын Зулзага багийн нутаг дэвсгэр 4G сүлжээтэй болно

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-06 18:08:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр аймгийн удирдлагууд Мобиком корпорацийн үйл ажиллагаа, “Дижитал хувьсал”-ыг хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцсан. Энэ хүрээнд “Цахим Дархан” төслийн хүрээнд хийх ажлыг харилцан ярилцаж, Хонгор сумын Хүйтний гол, Мухарын голын бэлчир, Зулзага амралтын бүс, Дархан сумын хоёрдугаар баг Ширээ нуруу, Хөтөл хороолол, Орхон сумын төвд мобикомын 4G сүлжээний өргөтгөлийг хийхээр төлөвлөсөн. Уг ажил биелэлээ олж Хонгор сумын Зулзага багийн Шийрийн бригад, Цагаан овоо, Мухарын голд 4G сүлжээтэй боллоо. 4G сүлжээг нэвтрүүлж буй ажлын албан ёсны нээлт энэ сарын 8-ны өдөр болох бөгөөд Цахим хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй хүмүүс оролцохоор болжээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нарын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Нэгдсэн үйлчилгээний лавлах төв”-ийг байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх, үүрэн болон дамжуулах байгууламжийн дэд бүтцийг өргөжүүлэх, гэр хорооллын бүсэд дэвшилтэт үйлчилгээ, дэд бүтцийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан.

Энэ дагуу өнгөрсөн жил “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Мобинетийн утасгүй интернэтийн бүсийг бий болгосон. Мөн орон нутагт анхны “Үйлчилгээний нэгдсэн төв-2222”-ыг байгуулж, 27 ажлын байрыг шинээр бий болгосон билээ. Мөн Дархан сумын IV сургуулийн сурагчдад зөөврийн компьютер хандивлаж, Mонпэй цахим төлбөрийн систем, өрхийн интернэтийн үйлчилгээг зарим бүсэд шинээр нэвтрүүлсэн аж.

Холбоотой мэдээ