Цаг агаар: Цасан болон шороон шуургатай 10 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-10-01 09:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Ер нь, 10 дугаар сарын агаарын температурын дулаан Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8 хэм, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр ОЖД нь +6...+10 хэм, бусад нутгаар 0...+6 хэм  байдаг байна.

Аравдугаар сарын агаарын дундаж температур 1979, 1982, 1990, 1995, 1998, 2001, 2005, 2006 болон 2008-2011, 2014, 2015, 2018 онуудад ОЖД–аас дулаан байжээ. Харин 1980, 1981, 1986, 1987, 1992, 1994, 2000, 2002 онуудад ОЖД–аас харьцангуй хүйтэн байсан аж. ОЖД-аас 1990 оны 10 дугаар сар +3 хэмээр дулаан байжээ. Энэ нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан 10 дугаар сар болсон байна. Харин 1981 оны 10 дугаар сар нь ОЖД–аас -4.5 хэмээр хүйтэн буюу түүхэн дэх хамгийн хүйтэн 10 дугаар  сар болж өнгөрсөн гэж цаг агаарын урьдчилсан тоймд тэмдэглэжээ.

Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм сарын нийлбэр хур тунадас /цас бороо/ ордог.

Аравдугаар сарын нийлбэр хур тунадас /цас бороо/  1979, 1982, 1985, 1990–1991, 1993, 1996–1997, 2003–2005, 2015, 2017, 2020 онуудад ОЖД–аас бага байсан гэж тэмдэглэжээ. Гэхдээ 1987, 1994, 1998, 2002, 2008, 2012–2014, 2016 онуудад ОЖД–аас ахиу хур тунадас орсон байна. Тухайлбал, 1987 оны 10 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 10.2 мм–ээр их тунадас  орсон нь түүхэн дэх хамгийн их цас бороотой сар болжээ. Харин 2004 оны 10 дугаар сард ОЖД–аас 4.7 мм–ээр бага хур тунадас орсон нь 1979 оноос хойших хамгийн бага тунадастай 10 дугаар сард тооцогдоод байна гэж уур амьсгалыг тоймлосон  байна.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.

Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байдаг.


Баруун аймгуудын нутгаар.  Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас энэ сард агаарын дундаж температур хүйтэн бол бусад нутгаар ОЖД орчим байх нь. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–2 хэмээр хүйтэрнэ.  Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.


Төвийн аймгуудын нутгаар.  Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД–аас энэ сард агаарын дундаж температур дулаан байна. Бусад нутгаар дунджийн орчим цастай. Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цастай байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Гэвч 2–3-ны үед ихэнх нутгаар хүйтэрч ОЖД–аас 1–2 хэм хүрч хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12–14 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.


Зүүн аймгуудын нутгаар.  Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар энэ сард дунджийн орчим. Хэнтийн хойд хагасаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй гэжээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1–2 хэм ОЖД–аас хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх нь.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ын орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч шороон шуурга шуурна.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгддэг.


ЗӨВЛӨМЖ

Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр гарчээ. Ялангуяа Хэнтий нуруу орчмоор ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй гэсэн байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа. Яг ийм эгзэгтэй мөчид тухайн бүс нутагт энэ 10 дугаар сард ОЖД–аас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан байна. Энэ нь цаашид тухайн бүс нутагт өвөлжилт хүндэрч болзошгүйг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөмжид онцгойлон дурджээ.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулсан байна.

Холбоотой мэдээ