ӨВӨРХАНГАЙ: Б.Орхон: Хөдөө ямар ч ажил хийсэн боломж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-30 11:11:43

-    Өвөрхангай /МОНЦАМЭ/. Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан туршлагатай ч гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорин ирж малчин, тариаланч болсон нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Хужирт суманд төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл, чацаргана тариалж, мод бут ургуулж, мал маллаж, аялагч, жуулчдад хэлмэрчилж, хүүхдүүдэд англи хэл заан хөдөлмөрийнхөө ашиг шимийг хүртэн амьдарч яваа нь бахархалтай санагдав.


Таны худалдаж байгаа чацаргана их амттай, өвөрмөц байлаа. Та өөрөө их нээлттэй, харилцаа сайтай хүн байна. Тиймээс ярилцлага авья гэж бодоод хүрээд ирлээ. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-    Хужирт сумын 2 дугаар багийн иргэн Ё.Чулуунбатынх гэдэг айл. Гэрийн эзэгтэй намайг Б.Орхон гэдэг. Бид хоёр Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаад нутагтаа очиж суурьших шийдвэрийг гарган 2016 онд нүүн ирж байсан. Би өөрөө англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Монгол орноороо нэлээн сайн аялсан. Ингэж явахдаа хүмүүс яаж амьдарч байна, Монголчуудын амьжиргааны эх үүсвэр юу байна вэ гэдгийг олон жил ажиглаж судалсан.


Бид өөрөө өөрсдөдөө ажлын байр бэлдэх хэрэгтэй. Хэн нэгний хэмжиж өгсөн хэдхэн төгрөгөөр амьдралаа болгох гээд, заавал тэр их түгжрэл дунд цагт баригдаж, дарамтан дунд амьдрах албагүй юм байна гэж ярилцаад хөдөө гарч байлаа. Суманд ирээд дөрвөн мянган чацаргана тариалж байсан бол одоо таван мянгаад чацарганатай болсон. Жилдээ 5-6 тонн чацаргана хурааж авдаг. Мөн 200-гаад улиас, өөр төрлийн 70 орчим мод бут тарьсан.




-      Үзэсгэлэнд хэр их чацарганатай ирэв, борлуулалт ямар байна?

-      Үзэсгэлэнд 1000 кг чацарганатай ирсэн. Дөрөв дэх өдрөө 100-гаад кг үлдэж байна.

-      Сумандаа өөрийн гэсэн талбайтай юу?

-      Газрын асуудал маш хүндрэлтэй байдаг. Нэлээн хөөцөлдөж байж, Хужирт, Бат-Өлзий хоёр сумын заагт Шавар түрүүний гол гэх газар “Сүүл толгойн булаг” гэж жижигхэн булгийн усыг түшиглээд чацарганаа тариалж эхэлсэн. Гэхдээ өмчлөл юмуу, эзэмшихээр биш гэрээгээр ашигладаг. Тусгай хамаалалттын газартай байгуулсан гэрээгээ гурван жил болоод сунгана. Сумын удирдлагаас анх зааж өгсөн газар нь чацаргана тариалах боломжгүй, ус муутай газар учраас дэмий байлгахаар гээд энэ жил ногоон тэжээл тариалсан. Одоо очоод хураана. 30 сот газарт төмс тарьдаг. Ноднин гурван тонн төмс хураасан, энэ жил хоёр орчим тонныг хураах байх.

-    Танайх ямар сортын чацаргана тариалж байна? Том бэлцгэр, чихэрлэг хэрнээ исгэлэн ч юм шиг гоё амттай юм. Ийм чацарганыг тарьж ургуулахад ямар технологи шаардах вэ?

-     Чацаргана долоон төрлийн сорттой байдаг. Манай чацарганы 80 хувь нь “Чуская” гээд өргөсгүй, том жимстэй орос сорт юм. Энэ сортыг нутагшуулснаараа сумаа төдийгүй аймгаа хангаж байгаа. Аймгийн төвийн 13 цэцэрлэгээс найм нь манайхаас чацаргана авсан. Чацаргана өөрөө их усархаг жимс учраас байгалийн чийг, хур борооноос гадна нэмэлт усалгаа заавал шаарддаг. Тийм болохоор суваг татаад сувган дотроо тарьсан. Тэгээд сувгаар нь усаа гүйлгэчихдэг болохоор харьцангүй ажиллагаа багатай, нэмэлт усалгааны төхөөрөмж авах шаардлагагүй байдаг. Анх очиход ямар ч модгүй, зөвхөн малын бэлчээр л байсан бол одоо багахан ойн түвшинд сэргээж чадсан.


Сүүлийн үед бэлчээрийн менежмент гэж их ярьдаг болсон байна. Уулын өвсийг хүний халзан толгой шиг болтол нь хадаж саравчиндаа овоолчихоод тэндээ малаа өвөлжүүлэхийг бэлчээрийн менежмент гэж яриад байгааг ойлгодоггүй. Би бол эсрэгээр нь хардаг. Чацаргана, мод бут, өвс ногоогоо тариад жимсээ ч авна, хадлангаа ч авна. Модныхоо хооронд ургасан өвсийг хадахад л малынхаа өвлийн өвс тэжээлийг хангалттай хураадаг.  Үүнийг л бэлчээрийн менежмент гэдгийг харуулахыг зорьж байна.


Чацаргана олон талын ашигтай ургамал. Няцарсан жимсийг машиндаад шүүс гаргачихна. Навчийг нь хатаагаад цай хийхэд маш гоё амттай болдог. Гэтэл бид хоёр тэр бүтээгдэхүүнийг хийж чадахгүй болохоор шуудай шуудайгаар нь ишиглэсэн ямаагаа тэжээчихдэг юм. Дэлхийн зах зээл дээрх хамгийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүнээр малаа тэжээдэг гэхээр манай мал арай л тансаг байгаа биз /инээв/. Чацарганы навч идсэн ямаанд сүү сайн ордог. Идэхдээ ч их дуртай.

-     Танайх тэгвэл малтай байх нь ээ?

-    Зун нь тариалалтынхаа хажуугаар багахан жуулчны бааз ажиллуулдаг байсан юм. Ковидын хүнд жилүүдэд жуулчны баазын үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн учраас мал маллая гэж ярилцаад хонь, ямаа, үхэр, адуу гэсэн дөрвөн хошуу, 150 -иад тооны малтай болсон. Энэ үзэсгэлэнд айраг цагаагаа, нэрмэлээ, ааруулаа авчирч борлуулж байна.



         

      -Ногоон тэжээл яаж тарив?

-    -Дөрвөн га газарт ногоон тэжээл тариалсан. 22-25 портер тэжээл хураана. Нэг хэцүү зүйл нь тоног төхөөрөмжийн асуудал байдаг. Трактор, хадагч, хамагч, боогч гээд тэр техник хэрэгслүүд нь байдаг бол ногоон тэжээл маш ашигтай. Гэтэл анх эхлүүлж байгаа бизнест хөрөнгө оруулалт олдохгүй, зээл олдохгүй. “Гадаадын улсад ядуу гэдгээ нотолж байж зээл авдаг бол манай Монголд баян гэдгээ нотолж байж зээл авна”. “Баян” биш учраас тэр зээлийг авч чадахгүй, түрээсээр хүн гуйж, ая эвийг нь харж л жаахан юм тарина. Гайгүй ургац авчихвал бас нутгийнхаа иргэдэд өгч буян үйлдэнэ. Гэхдээ хүн ажил хийе гэж зорих л юм бол хийж болдог.

-      Ажиллах хүч бий юу?

-     Газар тариалан улирлын чанартай учраас байнгын ажилтан авна гэвэл хэцүү. Чацарганыг нэг сайхан ургуулаад л усалгааг нь хийчих юм бол нэг их ажиллагаа шаардахгүй. Хавар усалгаагаа сайн хийгээд намар модны хооронд ургасан зэрлэг өвсийг маш сайн хадаж авах ёстой. Ийм хоёрхон төрлийн үндсэн арчилгаа л байдаг юм. Намар болохоор сургуулийн хүүхдүүд, тэтгэврийн хөгшчүүл ирж цэмбийтэл түүж өгөөд цалингаа аваад явдаг.


Залуучууд их залхуу болж. Нэг кг чацарганыг 2-3 мянгаар бодоод түүлгэхэд өдөрт хамгийн багадаа 10 кг түүгээд 30 мянган төгрөг авах боломжтой. Ер нь бол түүгээд навчийг нь цэвэрлээд өгөхөд өдөрт 50 кг-ыг түүчихдэг юм. Тэгэхээр өдөрт 100-150 мянган төгрөгийн цалин авах боломжтой гэсэн үг. Тэгэхэд хэдэн тэтгэврийн хөгшчүүл л ажиллаж байна. Залуучууд “би тэр жимсэнд чинь томдоно” гэж хэлдэг. Тэгээд хамгийн инээдтэй нь нөгөө том залуус чинь чацаргана түүгээд цалин авсан аав ээж, эмээ өвөөгөөсөө бензиний мөнгө нэхдэг, хүүхэд шуухдадаа юм авч өгөхийг шаарддаг. Ийм л байдалтай байна.  Энэ бас л халамжийг хавтгайруулсан төрийн буруу бодлогын үр дүн.


-    Англи хэлний багш мэргэжилтэй хүн малчин, тариаланч болчихоод явж байгаа нь үнэхээр сонирхолтой байна шүү. Уг нь англи хэлтэй хүнд мөнгө олох арга олон доо.

-    Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Яагаад 21 дүгээр зуунд жирийн нэг малчин хүн англиар ярьж болохгүй гэж, яагаад дэлхийтэй хөл нийлүүлж алхаж болохгүй гэж. 10 гаруй жил англи хэлний багш, хэлмэрчээр ажилласан. Өвөл хүүхдүүдэд ярианы англи хэл заадаг. Олон жил харилцсан клиентүүдээсээ зун нь ганц, хоёр групп аялал авчихдаг. Малаа саагаад, ногоогоо тариад органик бүтээгдэхүүн хэрэглэчихдэг. Тарьсан ногооныхоо дайвраар малаа тэжээчихдэг. Дөрвөн цагийн эргэлтэд ингэж л амьдарч байна. Ер нь бол би санааг нь гаргаж, манай хүн хөдлөх хүч нь болдог юм. Хоёр биенээ сайн дэмждэг учраас л өдий зэрэгтэй явна. Би бас орон нутгийнхаа Хурлын төлөөлөгч.


Хөдөө ямар ч ажил хийсэн боломж байна. Харин хөдөө ажиллаж амьдарч байгаа залуучуудаа бодлогоор сайн дэмждэг баймаар байна. Өөр гэр бүл ч юмуу, хэсэг бүлэг хүмүүс энэ чацарганы маань тосыг нь ялгаад бүтээгдэхүүн болгодог үйлдвэртэй байх юм бол нэгнээ түшээд хөгжих боломж бүрэн байдаг. Бид хоёрын хувьд мал аж ахуй, газар тариалангаасаа илүү гардаггүй л дээ. Түүхий эд нь байна, үүнийг боловсруулаад дэлхийн зах зээлд гаргах нь чухал байна. Төрийн бодлого үүнд чиглэмээр байгаа юм.

Таван жилийн өмнө бид хоёрыг чацаргана тариалж эхлэхэд “энэ ургах уу, жимс өгөх үү?” гэж хүмүүс асууж байсан. Одоо жимс авъя гэж ирдэг, харин мод авъя гэдэггүй. Уг нь жимс авахаар мод авч тарих, сүү авахаар үнээг нь авч саах ёстой байхгүй юу.



-     Чацарганы борлуулалтаа яаж зохицуулдаг вэ?

-   

Уг нь манайх аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн хэрэгцээний тодорхой хувийг бүрэн хангах хүчин чадал байна. Бүрэн хангасан ч болно. Гэтэл хууль журамдаа байгууллагуудыг тендерт оролцсон аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ ав гэдэг. Тендерт оролцсон аж ахуйн нэгж нь консерванттай, лаазалсан, пакеталсан бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Тэгэхээр жирийн иргэн органик бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байдаггүй.


За яахав, гуйж байгаад аль нэг төрийн байгууллагад жимсээ аваачаад өгчихлөө гэхэд эргээд мөнгөө олж авахад хэцүү. Учир нь тэр байгууллага НӨАТ төлөгч, и-баримт шивэгч байгууллагатай л хамтран ажиллах ёстой. Энэ хуульд нь зохицуулахын тулд компани байгуул гэдэг. Компани байгуулахаар таван цаас олсон ч татаас төлөх болно. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст төрийн энэ бодлого үнэхээр чөдөр, тушаа болж байна. Энэ бол маш буруу бодлого юм. 

-     Зээл тусламжид хамрагдаж байв уу?

-    Энэ жилийн газар тариаланг дэмжих зээл бодлогын хувьд их аятайхан, орлогодоо тохируулаад авах боломжтой юм билээ. Даанч хэмжээ нь дэндүү бага. 8 га газартай байхад 3 сая төгрөгийн л зээл олдсон нь тракторын түрээс, шатахуун түлшиндээ л дуусч байгаа юм. Малчны зээл өөрийнхөө орлоготой үед зээлээ төлөх хуваарийг хийчихдэг учраас авахад амар байдаг. Малчдад бэлэн мөнгө чухал байдаг. Бэлэн мөнгөтэй байхын тулд малаа ченжүүдэд хямдхан өгдөг.

-    Ярилцсанд баярлалаа. Ургац нь арвин байг ээ.

Холбоотой мэдээ