БАЯНХОНГОР: Усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г хийж эхэллээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-28 11:06:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Байдраг голд олон жилийн урсцын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий 25-30 мвт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийж эхэлжээ. Усан цахилгаан станцтай болсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвүүд болон хоёр аймгийн олон сумыг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах боломжтой болох юм.


Байдрагийн голын Хэрсэнгийн талд усан цахилгаан станц барих судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн байгууллагууд хамтран хийж байна. БОАЖЯ, ЭХЯ, БХБЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Баянхонгор аймгийн нутгийн удирдлагууд санал нэгтэй дэмжсэний үр дүнд олон зориулалтаар ашиглах тус усан цогцолборын нэг хэсэг болох УЦС байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг энэ оны тавдугаар дугаар сарын 25-нд байгуулан энэхүү ажлын эхлэл тавигджээ.


УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох юм. 


Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан  нуур нь 1990-ээд оны дунд үед хамгийн их түвшиндээ хүрч улмаар уур амьсгалын өөрчлөлт дулааралт буюу ууршил нэмэгдсэн, хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн, голын урсац багассан шалтгаанаар усны түвшин аажим буурсаар байна. Өөрөөр хэлбэл Бөөнцагаан нуурын усны түвшний энэхүү бууралт нь уур амьсгалын дулаарлаас голлон шалтгаалан нуурын үндсэн тэжээл болох Байдраг голын урсац багасан, нуураас уурших усны хэмжээ нэмэгдэн, нуурын усны тэнцэл алдагдсантай холбоотой гэж зарим судлаач хэлж байгаа юм. Усан цахилгаан станцтай болсноор усны хэмжээ нэмэгдэх олон давуу талууд бий болно хэмээн тооцжээ.


Усны нөөц сэргээгдэхийн бас нэгэн давуу тал загас жараахай элбэгшиж, хиймэл нууруудыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжих давуу талтай аж. 

Холбоотой мэдээ