СҮХБААТАР: Сүхбаатар бөхийн дэвжээтэй анхны сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-26 17:15:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сум үндэсний бөхийн дэвжээтэй анхны сум болов. 2017 онд эхлэлийг нь тавьсан Ёстын өсөх дархан дэвжээг 9 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, нийтэд танилцууллаа.


Орон нутагт бөхийн дэвжээ бий болсноор үндэсний бөх сонирхох, хичээллэх хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн. Цаашид аймгийн Жавхлант бөхийн дэвжээнд шинэ залуу бөх бэлтгэж өгөх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна гэж дэвжээний тэргүүлэгч, аймгийн арслан Б.Сэнгэдорж хэллээ.


Тус дэвжээ нь есөн тэргүүлэгчтэй бөгөөд дэд тэргүүнээр сумын Засаг дарга Б.Батхүрэл ажиллаж байна. Сум орон нутагт үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа бөгөөд тасралтгүй үйл ажиллагааг нь хангах тал дээр зохих дэмжлэгийг үзүүлж буйг тэрээр хэллээ. Энэ удаад бөхийн дэвжээг байгуулж буй бол өмнө нь үндэсний сурын холбоог байгуулж, зурхай буюу талбайг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Мөн тус сумын МСУХ ч үйл ажиллагаагаа идэвхтэй сайн явуулдаг аж.


Сэцэн хан аймгийн Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар сумын нутгийн бөхчүүд долоон хошуу даншиг, арван засгийн наадамд 30 түрүүлэн, долоо үзүүрлэж, 20 гаруй удаа шөвгөрч байжээ. Дархан аварга Г.Өсөхбаяр, даншгийн арслан Д.Гэнэн, М.Дэндэв, заан н.Дансран начин Х.Лувсандорж, Д.Дамба зэрэг удам дамжсан бөхчүүд энэ нутгаас тодрон гарсан байдаг.


Хувьсгалаас хойш Монгол Улсын начин Б.Хайдав, Л.Дашдаваа, Ж.Чулуун нарын алдар цуутай бөхчүүд тус нутгаас төрөн гарчээ. Мөн өнөө цагт амжилттай сайн барилдаж яваа аймгийн арслан Б.Сэнгэдорж, Б.Зоригтбаатар аймгийн заан Д.Энхнаран зэрэг олон бөх бий бөгөөд тэд дэвжээний үйл ажиллагаанд оролцож, бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэх, алдарт цуутай бөхчүүдийн шинэ залгамж халааг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна. 

Холбоотой мэдээ