Тогтвортой хөгжлийн зорилго Монголд

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-09-13 16:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бол дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг эрмэлзэж, хөгжил дэвшлийн харьцангуй нээлттэй бодлого баримталж ирсэн улс. Тиймээс ч 2030 он хүртэл хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй ижил тэгш зарчмаар хөгжих Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны улсуудын нэг болсон юм. НҮБ-ын гишүүн улс орнуудын нэгдэн орсон бүх нийтийн энэ зорилго нь ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгох, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгах гэх мэт хүн төрөлхтөн, улс орнуудын  хөгжиж дэвших хамгийн сайн арга замууд билээ.


Энэ дэлхийн улсуудын 2030 он гэхэд хүмүүсээ ядуурлаас ангид болгох, эх дэлхийгээ энх тайван байлгаж хамгаалах, улсаа хөгжүүлж дэвшүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилго. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар батлагдаж, 2016 оны 1 сарын 1-нээс дэлхий нийтээр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. 


Ядуурлыг устгах

Өлсгөлөнг зогсоох

Эрүүл мэндийг дэмжих

Чанартай боловсролыг дэмжих

Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах

Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох

Инноваци  болон дэд бүтцийн нэмэгдүүлэх

Тэгш бус байдлыг бууруулах

Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Уур амьсгалын өөрчлөлтийн үр  нөлөөг багасгах

Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах

Хуурай газрын эко системийг хамгаалах

Энх тайван, шударга ёсыг цогцлоох

Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх


Манай улс 2020 онд “Алсын хараа-2050” хэмээх урт хугацаанд хөгжих төлөвлөгөө буюу бодлогын баримт бичигтэй болсон. Энэ баримт бичиг дэлхий нийтийн хөгжлийнх төлөөх зорилготой уялдаатай. Өөрөөр хэлбэл “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт нь Тогтвортой хөгжлийн дээрх 17 зорилготой агуулга санаа нэг гэж ойлгож болох юм. Энэ ч утгаараа Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-д төр засгийн хэмжээнд онцгой ач холбогдол өгч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллага, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зарим яам, байгууллагууд хамтран өдөрлөг зохион байгуулав.

ТХЗ-ыг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ арга хэмжээнд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, сайн дурын хөдөлгөөн, эрдэм шинжилгээний байгууллагууд, сургуулиуд зэрэг байгууллагууд оролцож, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байв. Улс орны хөгжил дэвшил тогтвортой урагшилж, амжилттай ахихад хувийн хэвшлийн оролцоо ихээхэн чухал. Цаашид Монголын 100 мянга гаруй ААН-ийг Тогтвортой хөгжлийн зорилгод нэгтгэж, манлайлж ажиллахаа хувийн хэвшлийнхнийг нэгтгэсэн байгууллагын зүгээс энэ үеэр амласан.


Одоо монголчууд эрүүл мэнд, чанартай боловсролыг дэмжих, жендерийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энх тайван, шударга байдлыг бий болгох гэх мэт маш олон чиглэлд анхаарлаа идэвхитэй хандуулдаг болсон.

Нийгмийн олон салбар чиглэлд хандсан, тогтвортой хөгжлийн зорилгуудыг агуулсан арга хэмжээнүүд сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал ядуурлын хувь хэмжээг бууруулах, хоол тэжээлийн зохистой хэрэглээг бий болгох, тэгш боловсролыг олгох жендерийн эрх зэрэгт олон нийтийн хандлага, оролцоо, мэдрэмж мэдлэг ихээхэн сайжирч байгаа.  Гэвч асуудал, бэрхшээлийг арилган эмчилж, тодорхой түвшинд хүртэл сайжруулахад цаг хугацаа багагүй шаардагдахаар байна. Хамгийн наад зах нь импортоос хараат гэж хэлж болох хүнсний хангамж болон, аюулгүй байдал, эрсдэлтэй нөхцлийг нэгмөсөн шийдэх боломж тун хомс. Мөн эрүүл мэндийн болон боловсролын салбарт сайн муутай талууд бий. Төрөөс энэ талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ харьцангуй дээшилж байгаа ч олон нийтийн хандлагыг сайжруулах, технологийн дэвшлийг ашиглан олон нийтэд мэдээлэл ойлголттой болгох асуудал ч тулгамдсан хэвээр байдаг.



ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, хамт олон, хувь хүний санаачилгыг үнэлж, сайн туршилгыг олон нийтэд түгээн сурталчлах, таниулах, сайн үйлсийг урамшуулж дэмжих тун чухал. Ингэж чадаж байвал тэдний тогтвортой хөгжилд оруулж байгаа оролцоо, хувь нэмэр тогтвортой нэмэгдэж байдаг байна. Нийгэм дэх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршилгаа олон нийтэд сурталчлан танилцуулах нь сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх боломжтой байдгийг цаг үе өөрөө батлах болсон. Нэг ёсондоо хүний хөгжилд хувь нэмрээ оруулагчийг нийгэмд алдаршуулан таниулах нь дараагийн хөгжлийг бүтээгчийг бэлтгэж байгаа хэрэг гэдгийг дээрх өдөрлөг харуулж байв.


Монгол бол Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг хүндэлж, хамгаалахад чиглэсэн бодлого баримталдаг, шударга ёсны талаарх ойлголт өндөртэй улс. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай асуудлыг хууль тогтоомждоо ч сайтар тусгаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч хэрэгжилт хангалтгүй, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун бага,  энэ тал дээр дэлхийд маш доогуур үнэлэгддэг. ТХЗ-д энэ асуудлыг сайн түвшинд хүргэх тухай тусгасан. Манай улсын зорьж байгаа зүйлийн нэг нь ч мөн энэ.  



Боловсролын тогтолцоо алдагдаж, тэгш хүртээмжтэй боловсрол олгох тухай тогтвортой хөгжлийн зорилтыг саадгүй бүрэн хэрэгжүүлэх тал даар асуудалтай тулгарах болсон. Сургалтын агуулга хөтөлбөр богино хугацаанд олон удаа өөрчлөгдсөн, сургууль, боловсролын байгууллагын хүрэлцээ муу, сурах бичиг хангалттай бус гэх мэт бэрхшээл дунд хүүхдүүд боловсрол эзэмших хэцүү шаардлага манайд байсаар байна. Үүнээс гадна Монгол Улсын хүний хөгжлийн индекс дэлхийн 189 улсаас 92 дугаарт эрэмбэлэгдэж, байгаа. Хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын тэхий дунд нь яваа энэ үзүүлэлтээ ахиулах зорилго эн тэргүүнд тавигдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт гэх зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Энэ бүхэнд хувь нэмэр оруулах, улс орноо тогтвортой хөгжихөд нэмэр хандив болох ухамсарт иргэн, байгууллагын тоог өдөр бүр нэмэгдүүлж байх шаардлага байна. Үүний тулд хүний хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг урамшуулах, олон нийтэд таниулах тусгай бодлого хэрэгжиж байх учиртай аж.


 

Холбоотой мэдээ