АРХАНГАЙ: БНАЛАУ-ын парламентын гишүүд албан айлчлал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-09 12:33:43
Архангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламентын гишүүд Архангай аймагт албан айлчлал хийж байна. Энэ жил Монгол Улс, БНАЛАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммаси Монгол Улсад айлчилсан бол долоо хоногийн дараа БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга, генерал Вонсаг Пантавонг тэргүүтэй парламентын гишүүд ийнхүү айлчилж байна.
Лаос-ын Чампасак мужтай Архангай аймаг 2010 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байгаа.
УИХ-ын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Лаосын Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.
Архангай аймаг, Чампасак мужийн найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлж, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд генерал Вонсаг Пантавон БНАЛАУ-д албан айлчлал хийх урилгыг аймгийн удирдлагуудад албан ёсоор тавив.
Холбоотой мэдээ