БУЛГАН: Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-09 11:16:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн удирдлага болон хэлмэгдэгсдийн үр хүүхдийн төлөөлөл Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөлөө. Манай улсад хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.

            Энэ жил Цагаатгаж ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ирүүлсэн чиглэлийн дагуу хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, төрийн албан хаагч, иргэдэд “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдэвт сургалтыг хийж байна. Хэлмэгдүүлэлттэй холбоотой номын үзэсгэлэн, зохион бичлэг, гар зургийн уралдаан, хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлыг сум бүр зохион байгуулж байгаагийн дээр “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл бий болгож эхэлж байна гэж аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос мэдээллээ.

Тус аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу аймгийн  хэмжээнд 400 гаруй иргэн нөхөх олговор авчээ. Мөн уг хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заасны дагуу материал бүрдүүлэн, шүүхийн шийдвэр гарсан иргэдийн 59,2 хувь нь нөхөх олговор авсан байна.

Холбоотой мэдээ