ЗАВХАН: Шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотой эрчим хүчний шугам сүлжээг нэмж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт гуравдугаар улирлын гүйцэтгэлээр
нийт түгээсэн энергиэс 78.7 хувь буюу 21966.0 мян.кВт.цаг цахилгаан эрчим
хүчийг хэрэглэгчдэд борлуулжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.1 мян.кВт.цаг илүү гүйцэтгэлтэй байна. “Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар нь 21 сумын 10600 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Салбарын хэмжээнд 110 кВ-ын дэд станц, 7.15 кВ-ын дэд станц 24, 10 кВ-ын дэд станц 92 тус тус ажиллаж байна.
Таван алба, 21 суманд 102 инженер техникийн ажилчинтай үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн төв, Улиастай хотын гэр хорооллын 3980 өрхийн ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх. Шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотой шинэ шугам сүлжээ барьж байгуулах ажлыг шат дараатай хийж байна.
Мөн Богдын голын усан цахилгаан станц /УЦС/-ын нэгдүгээр турбин генераторын өдөөлтийн самбарыг шинэчлэх ажлыг хийгээд байна. Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 12586 айл өрхөд 4.071 сая төгрөг, 911 аж ахуйн нэгж байгууллагад 1.334 сая төгрөг, нийт таван тэрбум 405 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг Монгол Улсын Засгийн газраас хариуцан төлжээ.
Харин шөнийн тарифын хөнгөлөлтийг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 792 өрх 76.1 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний
төлбөрийн хөнгөлөлтийг эдэлсэн гэж Алтай Улиастайн Эрчим хүчний систем
ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.