Оросын хөнгөн атлетикийн ганцхан тамирчин "Рио-2016"-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-16 12:12:05

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Оросын хөнгөн атлетикийн ганцхан тамирчин Риогийн Олимпын наадамд оролцоно.

Уртын харайлтын тамирчин Дарья Клишина Спортын арбитрын шүүхэд /САШ/ давж заалдан заргаа авснаар Оросоос Риогийн Олимпын наадамд оролцох цорын ганц хөнгөн атлетикч болсон байна.

Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулиантай холбоотойгоор Оросын хөнгөн атлетикийн баг тамирчдыг “Рио-2016”-д оролцуулахыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хориглосон юм.

Харин уртын харайгч Клишина нь АНУ-д байдаг бөгөөд сэргээшийн хөтөлбөрт хамрагдаагүй гэдгээ нотолж чадсан байна.

Түүнийг Риогийн Олимпод оролцуулж болно гэсэн шийдвэрийг өчигдөр САШ гаргажээ.

Тус шүүхийн мэдэгдэлд “Клишина Оросоос өөр улсад сэргээшийн шинжилгээнд бүрэн хамрагдаж, сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадсан учир түүнийг Риогийн Олимпод оролцуулж болно” гэжээ.

Риогийн Олимпын эмэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ