Хятадад хамгийн халуун зун болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-07 12:28:49

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад энэ жил цаг уурын мэдээллийг бүрэн эмхэтгэн хөтөлж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн халуун зун болж өнгөрчээ.


Уур амьсгал судлалын үндэсний төвийн мэдээлснээр, энэ оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нд агаарын дундаж температур цельсийн 22.3 хэм байсан нь өмнөх жилүүдийн мөн үеийнхээс 1.1 хэмээр өндөр байснаас гадна 1961 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Тодруулбал, төвийн нутгийн Хунань муж, баруун өмнөд нутгийн Чунчин хот зэрэг мужийн түвшний засаг захиргааны 17 бүс нутагт хамгийн халуун зун болж өнгөрсөн байна. Энэ онд Хятадад цельсийн 35 хэмд хүрсэн, түүнээс давж халсан өдрүүдийн тоо 14.3 хоногт хүрсэн нь мөн л 1961 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Мөн орон даяарх цаг уурын 366 станц агаарын температур урьд бүртгэгдэж байсан хамгийн өндөр хэмтэй ижил түвшинд хүрсэн юм уу түүнээс давсан талаар мэдээлсэн байна. Түүнчлэн 15 станцад агаарын температур цельсийн 44 хэм болон түүнээс дээш хэмд хүрч халсан нь бүртгэгджээ.  


Уур амьсгал судлалын үндэсний төвийн мэдээллээр, жилийн хур тунадасны дундаж хэмжээ 1961 оноос хойш хоёрдугаарт бичигдэх бага үзүүлэлтэд хүрсэн байна. Энэ намар Хятадын ихэнх нутгаар агаарын температур өмнөх жилүүдийнхтэй ойролцоо юм уу бага зэрэг өндөр байх төлөвтэй байна гэж тус төвөөс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ