БАЯН-ӨЛГИЙ: Цол мялаах наадмын барилдаанд Д.Анар түрүүлэв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-05 13:31:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулсны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд түрүүлж "Улсын мэргэн" цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Төхөөний Очироо, үндэсний бөхийн барилдаанд 7 давж "Улсын заан" цол хүртсэн Бердмуратын Серик нарын цолыг мялаах наадам энэ сарын 2, 3-ны өдөр Өлгий хотод боллоо.

Улсын цол хүртсэн тамирчдын цолыг мялаах наадамд зориулан Өлгий хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөх барилдав. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, улсын начин Н.Мустафа,  Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс нар шөвгөрөв.

Ташрамд сануулахад, Үндэсний их баяр наадмаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироо үндэсний сурын харвааны төрөлд 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн. Харин Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ-ын 439 дүгээр анги, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердмуратын Серик нэгийн даваанд сумын заан Э.Дашзэвэг, хоёрын даваанд аймгийн харцага Б.Өлзийсайхан, гурвын даваанд аймгийн арсан Б.Чинтулга, дөрвийн даваанд аймгийн арслан П.Даваадорж, тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоож, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Сумьяабат, долоогийн даваанд улсын заан Д.Анар нарыг давж улсын заан цолны болзлыг хангасан юм.   

Холбоотой мэдээ