БАЯН-ӨЛГИЙ: Багшийн сургуулийн дэргэдэх лицей сургуулийн үйл ажиллагаа ирэх сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-05 11:33:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяанд шилжүүлсэн. Тус сургуулийг өөрчлөн байгуулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн дэргэд лицей сургууль байгуулахаар болсон байна.

"МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг элсүүлнэ. Тус сургуулийн онцлог нь монгол хэл, математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулна. Англи хэлний хичээлийг гадаадын багшаар заалгах зохион байгуулалтын арга хэмжээ авна. Бүх хичээлийг магистр, докторын зэрэгтэй багш нар заана. Түүнээс гадна МУБИС-ийн багш нар урилгаар ирж ажиллах юм.

Тус сургуулийн сурагчдыг МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд суралцуулах сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сургалтын үйл ажиллагааг Багшийн сургуулийн хичээлийн Б байранд явуулна. Тухайн байрыг өндөр хурдны интернэтэд холбож тохижуулах, Сурагчийн хөгжлийн төв байгуулах, Монгол болон казахын соёлын төвүүдийг байгуулах, төрөл бүрийн дугуйлан секц явуулах зэрэг ажлуудыг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна" хэмээн МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Хиналган хэллээ.

МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа ба сургалтын үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Сурагчид төлбөртэй суралцана. Харин төлбөрийн хэмжээг орон нутгийн иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан үзэж МУБИС-ийн Удирдах зөвлөлөөс тогтоох ажээ.

Холбоотой мэдээ