БАЯН-ӨЛГИЙ: Жендерд суурилсан хүчирхийллийг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-26 11:40:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Олон улсын эрх зүйн байгууллага "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2019 оноос хэрэгжүүлж байна.


2022 оныг дуустал хэрэгжих уг төсөл нь иргэний нийгэм болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой.


Тус төслийн хүрээнд "Жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа" сэдэвт туршлага солилцох хэлэлцүүлгийг Өлгий хотод өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, прокурор, шүүхийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Өлгий сумын ЗДТГ, багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцож байна.


"Бид 20 аймгийн 60 иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн Иргэний нийгмийн байгууллагуудын форумыг байгуулсан. Тус форум нь  нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэний нийгмийн байгууллагын гишүүд, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эрх зүйн анхан шатны мэдээлэл, зөвлөгөө өгөх, чанартай эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, холбон зуучлах үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" хэмээн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурийн төлөөлөгч Стивен Кент хэлэв. 


Хэлэлцүүлгээр ОУЭЗХБ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул, "Сайн тус Увс" ТББ-ын тэргүүн Д.Дулмаа, "Мянганы дэвшил" ТББ-ын салбарын тэргүүн Б.Шолпан, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагч Б.Ерген, Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Мягмаржаргал нарын хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлж байна.






Холбоотой мэдээ