К.Алфорд: Ус дахин боловсруулах үйлдвэр Монгол-Америкийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-08-25 19:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр нийслэл хотноо боллоо. Энэ нь АНУ-ын Мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд манай улсад барьж байгуулах хоёр томоохон үйлдвэрийн нэг юм.


 Үүний өмнө 2021 онд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ.


Өнөөдрийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэрэг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк болон АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй МСК-ын төлөөлөгчид оролцов.


Дэлхийд тэргүүлэх Францын технологиор барих хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавилаа .



Үйлдвэрийн шав тавих ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ, өнөөдөр бид Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрч болж байна хэмээнд онцлоод, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд нэг жилийн өмнө Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нийслэлийн Сонгинонхайрхан уулын бэлд эхлүүлж байсан, тэгвэл өнөөдөр бид хоёр дахь бүтээн байгуулалт буюу Монгол Улсын хувьд анхны том хэмжээний, ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгыг эхлүүлж байна хэмээн тодотголоо.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, монголчуудын олон жил буруу ярьж хэвшсэн саарал ус буюу хүрэээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан дахин ашиглана. Ингэснээр газрын гүний, цэвэр цэнгэг усыг хамгаалж, хэмнэх боломж бодитоор бүрдэн хэрэгжих юм гэдгийг тэмдэглэн хэлэв.


Ёслолд хүрэлцэн ирсэн АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд, “Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлууд эрчимтэй урагшилж, гэрээ амжилттай хэрэгжихэд хамтран ажиллаж буйд талархаж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, Ус дахин боловсруулах үйлдвэрийг олон улсад үлгэрлэх жишээ болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Тэрбээр, хоёр дахь Компакт гэрээ нь Монголд бидний нээж буй төсөл, үйл ажиллагааны дахин нэг хуудас, Монгол, АНУ-ын хамтын ажиллагааны чухал илэрхийлэл болж буйг тэмдэглэн хэлсэн юм. Ингэхдээ, Улаанбаатар нь дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй хот бөгөөд энэ үйлдвэрийг барьснаар хүн ам, үйлдвэр, ААН-үүдийг аюулгүй, тогтвортой усаар хангаж, хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэв.


Тэгвэл манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын хэрэг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк, нийт 462 сая ам.долларын энэхүү хөрөнгө оруулалт бол манай хоёр ард түмний бат бэх түншлэлийн жинхэнэ бэлгэ тэмдэг юм гэдгийг онцолж байлаа.


Тодруулбал, Компакт гэрээ нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт болж буй юм. 


Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “Ми-Си-Эс Протери” ХХК шалгараад байгааг “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн захирал Т.Хишигт мэдээлж, Ус дахин боловсруулах үйлдвэрт Франц улсын дэлхийд тэргүүлэх технологийг нэвтрүүлэх гэж байгаа нь гол онцлогтой юм. Тус улсын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” хоёр компанитай зураг төсөл, тоног төхөөрөмж нийлүүлэхээр хамтран ажиллаж эхлээд буй гэдгийг тодотголоо.


Мөн тэрбээр, олон улс оронд нэвтрүүлсэн туршлагатай, дэлхийн шилдэг технологи Монголд орж ирснээр технологийн стандарт хангасан ус нийлүүлэх боломж бүрдэж байна. “Ми-Си-Эс Протери” ХХК гэрээнийхээ хугацаа болох 2025 оны эхний улиралд үйлдвэрийг бүрэн ашиглалтад өгч, нээлтээ хийнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Тус төсөл гурван хэсэгтэй байх бөгөөд ус хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Биокомбинат болон Шувуун фабрик орчимд ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулна. Тэндээс жилдээ 51 сая метр куб ус хэрэглэх боломжийг тогтоогоод байна.


Компакт гэрээний хүрээнд 3 төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг хангах, экологийн тэнцвэртэй орчин бий болох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.


Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэсэн хаягдал усыг дахин боловсруулж, цэвэршүүлээд дулааны цахилгаан станцын хөргөлтөд өгнө. Дулааны 3,4 дүгээр цахилгаан станцын техникийн хэрэгцээнд хоногт 50 мянган метр куб дахин боловсруулсан усыг өгснөөр жилдээ 18 сая шоо метр гүний усыг хэмнэх боломжтой болно.


Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болж, гэрээ хэрэгжих 5 жилийн хугацааны тоолуур тоологдож, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Мянганы Сорилтын сан Улаанбаатар хотын усны эрэлтийн тооцооллыг БОАЖЯ болон холбогдох төрийн болон ТББ, олон улсын байгууллагуудын тоо баримт, судалгаанд тулгуурлан 2017 онд хийж байв. Уг тооцооллын дүн нь Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын 2013 онд гаргасан, мөн “Усны нөөцийн бүлэг-2030” байгууллагаас 2016 онд тус бүр хийж байсан усны эргэлтийн тооцоо судалгаатай нийцэж байв. 


Үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиан Сүрүн, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газар, агентлаг, нийслэлийн төр, захиргааны байгууллага, гүйцэтгэгч болон хамтрагч ААН-ийн төлөөлөл болон албаны бусад хүн оролцов.

Холбоотой мэдээ