БАЯН-ӨЛГИЙ: Алтай сумд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Даваатын эх” хэмээх газарт энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр гарсан байна.
Одоо аймийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдээс бүрдсэн 70 орчим хүн 9 техникээр галыг унтраах арга хэмжээ авч байгаа.
Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр хээрийн түймрийг өчигдөр 15:00 цагийн орчимд цурмад оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр ойролцоогоор уртаашаа 2 км, 500 м өргөн талбайг хамарч байгаа аж.
Даваатын эх нь аймгийн төвөөс 170 км, сумын төвөөс 50 км зайд оршдог бөгөөд Алтай сумын гуравдугаар багийн иргэд зусдаг байна. Өнөөдрийн байдлаар иргэд зуслангаасаа намаржаа руу нүүж, тухайн нутагт цөөн тооны айлууд үлджээ.
Хээрийн түймрийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол
учраагүй. Харин түймэр гарсан шалтгаан тодорхой бус байна.