“Монгол салхи” үзэсгэлэнд долоон улсын зураачдын бүтээлийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bolor@montsame.mn
2022-08-17 20:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол салхи” олон улсын зураачдын үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.


Тус үзэсгэлэнг МУЭ-ийн шагналт, зураач Г.Лхагвасүрэнгийн санаачилгаар Баянхонгор аймгийн нутгаар 2017, 2018, 2019, 2022 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Буриад улс, БНСУ, Израиль, Казахстан зэрэг 7 орны 68 буюудавхардсан тоогоор 95 уран бүтээлчийн оролцоотой 4 удаагийн хамтарсан судалбар, судалгаа, аяллын хүрээнд зурсан бүтээлүүдээр зохион байгуулжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд МУЭ-ийн шагналт, зураач Г.Лхагвасүрэн хэлэхдээ, “Миний бие 2017 онд Баянхонгор нутагт явж байгаад нутгийн байгалийн гоо үзэсгэлэнд  татагдан “Хонгор” нутагт олон улсын хөтөлбөр зохион байгуулах санаа төрсөн. Улмаар 21 аймагт үргэлжлүүлэх гэтэл “Хонгор” нутаг намайг дөрвөн жил аргамжсан л даа. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын захирал н.Ганчимэг болон тус аймгийн Урчуудын эвлэлийн салбарын тэргүүн Г.Цэрэндорж нарын дэмжлэгээр миний санаа амь орж хэрэгжсэн юм. Баянхонгорын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж бүтээлээ туурвисан уран бүтээлчид ийнхүү дөрвөн жилийн ажлаа тайлагнаж байна” гэв.  

Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дэргэд олон улсын уран бүтээлчдийн ур ухаан, сэтгэл оюун шингэсэн 90 гаруй бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсан “Гэр” галерей үүдээ нээсэн нь “Монгол салхи” төслийн томоохон үр дүн гэдгийг уран бүтээлчид тодотгож байна.


Баянхонгор аймгийн Урчуудын эвлэлийн салбарын тэргүүн Г.Цэрэндорж, “Энэхүү үзэсгэлэн монголын урчууд болон олон улс, хот, хөдөөгийн уран бүтээлчдийг холбож буйгаараа онцлогтой. Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншил, соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах, олон улсын зураач уран бүтээлчдийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилготой” хэмээв.


Судалбар аяллын хүрээнд уран бүтээлчид Баянхонгор аймгийн Их Богд, Баянлиг, Бичигт хад,  Цагаан агуй, Ногоон цав, Улаан цав, Бүгийн цав, Баян говь, Зулганайн тал, Бөөн цагаан нуур, Адгийн цагаан нуур, Хөнөгийн хөндий, Тамчийн хавцал, Эрхэтийн хавцал, Эрдэнэцогтын хийд, Шатарчулуу, Өвгөн жаргалант, Шаргалжуут зэрэг түүх соёлын дурсгалт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзээсгэлэнт газраар нийт 4211 км аялжээ.


Үзэсгэлэнд олон улсын 68 уран бүтээлчийн тус аймгийн үзэсгэлэнт газраар аялахдаа тэмдэглэн судалсан "монголын салхи" үнэртэм 140 гаруй уран зураг, судалбар зургуудыг дэлгэжээ.


Тус үзэсгэлэн 9 дүгээр сарын 2-ныг хүртэл олны хүртээл болно.
















Холбоотой мэдээ