Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-10 10:20:16

ТОКИО. /TASS/. Сүүлийн хэдэн долоо хоногт хүн амын дунд явуулсан санал асуулгаар дэмжигчдийнх нь тоо буураад байгаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт Засгийн газартаа болон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийнэ. 


Японы эрх баригчдад тулгарч буй бэрхшээлүүд бол дотоодын асуудлууд, тэр дундаа инфляц болон улстөрчид "Эв нэгдлийн сүм" гэх шашны байгууллагатай холбогдсон тухай мэдээлэлтэй холбоотой юм. Халаа сэлгээ хийсний дараа тус улсын гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй гэж шинжээчид үзэж байна.


"NHK" телевиз, "Kyodo" агентлагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Японы Засгийн газрын үйл ажиллалааг дэмжигчдийн тоо 10 гаруй хувиар буурчээ. Гэвч Токиогийн Их Сургуулийн профессор, Токиогийн сангийн шинжээч Сүзүки Казүтогийн үзэж байгаагаар, Кишидагийн Засгийн газрын рейтинг удаан хугацааны туршид урьдын адил өндөр түвшинд байгаа бөгөөд удахгүй улс төрийн хямрал болно гэж ярих шаардлагагүй бол халаа сэлгээ нь уламжлал ёсоор фракцуудад хуваагддаг эрх баригч нам дотор нөлөөгөө бэхжүүлэх гэсэн Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой  байна.


Эрх баригч намын хамгийн нөлөө бүхий долоон фракцын хамгийн томыг нь тэргүүлж байсан Ерөнхий сайд асан Абэ Шинзо долоодугаар сарын 8-нд бусдын гарт амиа алдсаны дараа улс төрийн хоосон орон зай үүсжээ. Намынхаа дөрөв дэх том фракцыг тэргүүлдэг Кишида энэ байдлыг даван туулахыг хичээж байна гэж Сүзүки Казүто ТАСС агентлагийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. “Кишида Абэгийн фракцаас түүнийг залгамжлах магадлалтай хүмүүст Засгийн газар, намын удирдлагад чухал албан тушаалуудыг өгөх замаар Абэгийн фракцыг удирдахыг хүсэж байна. Ингэснээр Кишида хамгийн том фракцтай харьцуулахад илүү өндөр байр суурьтай болно” гэж тэрбээр хэлжээ. 


Холбоотой мэдээ