К.Фүмио Нагасаки хот дахь Цөмийн бөмбөгийн музейд зочилсон анхны Ерөнхий сайд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-09 16:29:26

ТОКИО. /Kyodo/. Японы Нагасаки хот Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн эмгэнэлт өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан тус хот дахь цөмийн бөмбөгдөлтийн түүхийг харуулсан музейд Ерөнхий сайд Кишида Фүмио зочиллоо гэж 1996 онд нээгдсэн музейн захиргаа мэдээллээ. 


К.Фүмио энэхүү музейд зочилсон анхны Ерөнхий сайд болжээ. Японы Засгийн газрын тэргүүн нар болон гадаадын өндөр албан тушаалын зочид төлөөлөгчид ихэвчлэн Хирошима хот дахь музейд зочилдог юм. 

 

Цөмийн бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр К.Фүмио хэлэхдээ, "Япон улс хэчнээн нарийн, эгц, хэцүү байсан ч цөмийн зэвсгээс ангид ертөнцөд хүрэх замыг үргэлжлүүлэх болно" гэж цохон тэмдэглэжээ. 


1945 оны наймдугаар сарын 9-ний энэ өдөр Америк тус хотын дээрээс "Fat Man" буюу “Тарган залуу” хэмээх атомын бөмбөг хаясан юм. Хошууч Чарльз Суини командлагчтай “В-29” бөмбөгдөгч онгоцны багийнхан Кюшю арлын хойд хэсэгт орших Кокура хотыг бөмбөгдөх ёстой байжээ. Гэвч наймдугаар сарын 9-ний өглөө Кокура хотод үүлэрхэг байж таарсан тул Суини онгоцоо баруун өмнөд зүг Нагасаки хот руу эргүүлэх шийдвэр гаргасан байна.  


Нагасакид ч цаг агаар муу байсан боловч америкчууд эргэж буцалгүй плутонийн бөмбөгийг хаяжээ. Энэ хотын дээрээс хаясан бөмбөг нь гурван өдрийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд Хирошима хотыг бөмбөгдсөн цөмийн бөмбөгөөс бараг хоёр дахин хүчтэй байсан ч буруу чиглүүлснээс, мөн газар нутгийн онцлогоос шалтгаалан дэлбэрэлтийн хохирол бага зэрэг буурсан байна. Гэсэн хэдий ч бөмбөгдөлтийн уршиг асар их байв. Бөмбөг дэлбэрэх мөчид 70 мянга гаруй хүн амиа алдаж, хот тэр чигтээ газрын хөрснөөс арчигдсан юм. 


АНУ-ын Зэвсэгт хүчин Дэлхийн II дайны төгсгөлд Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдсөн билээ. Эдгээр дайралт нь цөмийн зэвсгийг байлдааны зориулалтаар ашигласан хүн төрөлхтний түүхэнд цорын ганц жишээ болсон юм.  



Холбоотой мэдээ