ДАРХАН-УУЛ: Төрийн албан хаагчдыг богино хугацааны сургалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-04 19:41:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх 8 дугаар сарын 1-нд Дархан хотод айлчилж, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Төрийн албан хаагч, тэр дундаа IT, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан байна. Уулзалт бүхэн үнэ цэнтэй, ажил хэрэгч байж, ярилцаад өнгөрөх бус бодит ажил хэрэг болгох хэрэгтэйг Элчин сайд онцолж байлаа.

Тэрбээр хэлэхдээ, ойрын 6-8 сарын дотор Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг Энэтхэг улсад богино хугацааны сургалтад хамруулах боломж байгааг онцолсон байна.


IT салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, боловсон хүчний хомсдолтой тухайн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханыг сурч, хөгжих, чадавхижих боломжийг нээсэн үр дүнтэй уулзалт боллоо гэж орон нутгийн удирдлагууд онцолж байна.

Холбоотой мэдээ