ӨВӨРХАНГАЙ: Шагайн харваагаар 46 багийн 368 харваач цэц мэргэнээ сорьлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-26 16:29:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын Хувьсгалын 100, 101 жил, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харваанд Архангай, Өвөрхангай, Дорноговь, Булган, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотоос 46 багийн 368 харваач оролцож, цэц мэргэнээ сорьлоо.

Хувийн цуваа харвааны тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, Монгол Улсын хошой мэргэн Э.Ган-Эрдэнэ 20 сумандаа 20 онож шалгарав.

Дэд байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн А.Амарбаяр, гутгаар байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Буян-Өлзий нар эзэллээ.

Багийн шагайн харваагаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хорооны харваачид тэргүүн байр эзэллээ. Дэд байрыг Өвөрхангай аймгийн Есөнүйл сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн, спортын дэд мастер Б.Пүрэв ахлагчтай “Есөнүйл баг”, гутгаар байрыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын хошой мэргэн, Т.Баярбат ахлагчтай “Шонхор” баг тус тус эзлээд байна.

Шагайн харвааны төрлүүдэд эхний таван байр эзлэсэн харваачдад шагналыг гардууллаа.

Холбоотой мэдээ