СЭЛЭНГЭ: Дэвсэг ээж буюу Ээж мод

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-07-15 13:54:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монголын сайхан оронд минь дэлгэр зун айлчилж, хүн, малын зоо тэнийн цаанаа л нэг гайхамшигтай. Энэ сайхан улиралдаа хүмүүс байгалийн сайханд аялж, эх орныхоо үзэсгэлэнт уул ус, газар шороо, үл тайлагдах оньсого мэт уран нарийн байгалийн тогтоцыг үзэн биширч, нэгэн сайхан дурсамжаа хөглөдөг жамтай. Сэлэнгэ нутгийн зүг чиглэсэн аялагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдний хамгийн түрүүнд залардаг газрын нэг бол энэхүү “Ээж мод” байдаг. Энэ ч утгаар Сэлэнгэ сайхан нутгийн 9 гайхамшгийн нэг болсон “Дэвсэг ээж буюу Ээж мод”-ны тухай аялагч та бүхэндээ сонирхуулья.

Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын нэг болох “Дэвсэг ээж буюу Ээж мод” Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрладаг. Аймгийн төв Сүхбаатар хотоос баруун зүгт 12 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 720 м-ийн өндөрт, Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутаг 34 дүгээр зөрлөгийн хойд элсэн мөргөц дээр оршдог. 18 м урттай, 1 метрийн голчтой холтосгүй хөх өнгөтэй, 100 салаа мөчиртэй. “Дэвсэг ээж мод”, “Удган ээж  мод” гэж алдаршин байгалийн гайхамшигт бүтээл болж, олон зуун жил бөө удганы үеэс үе дамжин ард түмэн шүтэн биширч ирсэн тахилгатай мод юм. Уг ээж модонд жил бүрийн ханш нээх өдөр тахилга үйлдэх нь байгаль эхээ бишрэн шүтэх, хүсэл зоригоо даатгах, ёс заншил, зан үйлийг гүйцэтгэж буй бөгөөд хүн ард нь өвчин зовлонгүй, байгаль дэлхийн хур ус цагтаа бууж,  мал сүрэг нь тавлаг байх учиртай хэмээн даатган залбирдаг жамтай аж. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын тахилгат газар нутгийн судалгаа мэдээллийн төвөөс гаргасан  “Монголын тахилга шүтлэгт газар нутаг” номонд “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төвөөс хойд зүгт байрлах Ээж мод нь найман зуугаад жилийн өмнөөс тахиж байсан түүхтэй хэмээн бичсэн байдаг. Эдүгээ нутгийн уугуул иргэд, оршин суугчид үе дамжин тахиж буй “Ээж мод” нь өдрийн цагт үндсээрээ таван голтой, шөнийн цагт мөчрөөрөө тэнгэрийн гурван марал одтой харилцдаг” хэмээн түүхийн сурвалжид дурдсан байдгийг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн архивт бичиж үлдээсэн байдаг. Энд ирээд хүсэл зоригоо, ажил үйлс, амь амьдралаа даатгаад явсан хүмүүсийн хүсэл заавал биелдэг, хэдэн үедээ тэгш сайхан явдаг, ирсэн хүн бүрт ээвээл хайраа өгдөг гэсэн ам дамжсан яриа сүсэгтэн олны дунд байсаар, олны урсгалыг татсаар байгаа билээ.   

Холбоотой мэдээ