Цагдаагийн офицер асан Д.Шовенд 21 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-07-08 09:49:43

ВАШИНГТОН. /NBC/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Шовинд Африк гаралтай америк иргэн Жорж Флойдын иргэний эрхийг зөрчсөн хэрэгт холбогдуулан холбооны шүүх 21 жилийн хорих ял оноожээ.


Д.Шовин 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ж.Флойдыг баривчлах үеэрээ иргэний эрхийг нь зөрчсөн хэрэгт өмнө нь гэм буруугаа хүлээгээд байсан юм. Тухайн өдөр Д.Шовин өнгөт арьст эрэгтэйн хүзүүн дээр есөн минут, 29 секундийн турш өвдөглөсөн байна.


Дээр дурдсан ялыг цагдаагийн офицер асанд хүний амь насыг санамсаргүйгээр хөнөөсөн хэрэгт өмнө нь ногдуулаад байсан 22.5 жилийн ялтай нэгэн зэрэг эдлүүлэх бөгөөд түүнийг муж улсын шоронгоос холбооны шорон руу шилжүүлнэ.


Африк гаралтай америк иргэн Ж.Флойд амь насаа алдсан хэрэг нь 2020 оны зун Америк даяар цагдаагийн харгис хэрцгий үйлдэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөхөд хүргэсэн юм.


Түүнийг баривчлах үед байлцсан гурван цагдаа энэ оны эхээр мөн Ж.Флойдын иргэний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан бөгөөд шүүх хурлыг хараахан товлоогүй байна. 

Холбоотой мэдээ