Хөшигийн хөндийд оюутны хотхоныг дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
bolor@montsame.mn
2022-07-07 16:59:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаарх уулзалт боллоо.

 

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын төлөвлөгөөний нэг хэсэг болсон оюутны хотхоныг 500 га талбайд байгуулах бөгөөд дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлэх юм. Дижитал их сургууль нь өндөр технологи болон мэдээллийн технологид суурилан боловсролын системд хувьсгал хийн, оюутан залуусын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гол зорилготой.

Дижитал кампус мэдээллийн систем, шинэлэг технологиудыг ашиглан орон зай үл хамааран суралцах, эрүүл, хариуцлагатай, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгоно.

 

Дижитал кампус нь анги, танхим, лаборатори, судалгаа, шинжилгээний байр, оюутны байр, удирдлага, менежмент, нэгдсэн мэдээллийн систем, үзвэр үйлчилгээ, ресторан, хоол үйлчилгээ, зогсоол, бусад үйлчилгээ зэргээс бүрдэх юм.

 

Уулзалтын үеэр БШУ-ы дэд сайд ирээдүйн боловсрол дижитал хэлбэр рүү шилжиж буйг дэлхийн боловсролын сайд нар ярьж байна. Зарим улс орон хэрэгжүүлж эхлээд байна. Бид ч мөн дижитал их сургуулийг бий болгож, боловсролын экспорт хийх нь чухал юм гэдгийг дурдлаа.




Холбоотой мэдээ