БАЯНХОНГОР: Гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, нэмэх ажлыг өрнүүлж байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-06 17:04:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг асаах, гэрэлтүүлэггүй гудамжинд шинээр тавих ажлыг өрнүүлж байна.  

Энэ хүрээнд Эрдэнэмандал багт 340 ширхэг гэрэл суурилуулахаас 11 гудамжинд 98 ширхэг гэрлийг шонгуудад суурилуулаад байгаа бол Дуурсах, Цахир багийн гудамжны гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн Төв зам дагуу 90 ширхэг гэрэлтүүлгийг шинэчилж, А бүсэд байрладаг орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын дээр туузан гэрэл хийхээр болжээ.

Тус ажлыг удирдлага зохион байгуулалтаар “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААН-аас хангаж байгаа бол суурилуулах ажлыг “Баянхонгор эрчим хүч” ЦТК хариуцан гүйцэтгэж байна.

Аймаг орон нутагт ашиглалтын ажил явуулж байгаа уул уурхайн ААН нь уурхайгаа ашиглах, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хамтарсан гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд 2021 онд төвлөрсөн орлогын 440 сая төгрөгөөр гудамж, талбайн гэрэлтүүлгийг ийнхүү нэмж, шинэчлэн сайжруулж байна. Түүнчлэн Баянхонгор сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гэрэлтүүлэг хийхэд зориулж 150 сая төгрөгийг төсөвлөжээ.

Холбоотой мэдээ