БХБЯ: Үнийн өөрчлөлтийн магадлалд ороогүй 314 ААН-ийг дахин хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-06 16:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-наас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга, байгууламжийн төсөвт өртөг буюу барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцож магадлал хийх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 16 яам, төсвийн 8 ерөнхийлөн захирагчаас 1153 төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авсан байна. Үүнээс улсын төсвийн бус эх үүсвэртэй болон давхцал зэргээс шалтгаалсан 31 төслийг хасч, 1122-ын жагсаалтыг эцэслэн баталсан талаар БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өнөөдөр мэдээллээ.



Төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар мэдээлснээр, 534 төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг тооцож УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай байгааг хүргүүлжээ.

Төсвийн байнгын хорооноос 314 төсөл, арга хэмжээг дахин авч үзэх чиглэл өгсөн байна. Энэ дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй 314 ААН-ийг дахин хамруулна гэдгийг мэдэгдлээ. Иймээс хамрагдаж амжаагүй ААН-үүд дээрх боломжийг 8 дугаар сарын 1-н хүртэл ашиглаж БХБЯ-ны холбогдох газруудад хандахыг хүслээ. Амралтын өдрүүдэд ч ажиллахаар төлөвлөөд байна гэв.

Тодруулахад, УИХ-аас 2022 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолоор Засгийн газарт үнийн өсөлтийн индексийг батлах, үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг даалгасан байна. Энэ дагуу БХБЯ-нд бусад яам, байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг ажиллаж, үнийн өөрчлөлтийн талаар УИХ-д танилцуулжээ.


Барилгын материалын үнэ багагүй өссөн. 8 дугаар сарын 25-нд 2023 оны улсын төсвийг тооцож Сангийн яаманд хүргүүлэх учиртай. Энэ хугацаанд амжиж бид үнийн өсөлтийг тооцох чиглэлтэйгээр ажиллаж байна гэлээ.

Үнийн өсөлт 2021 оноос эхэлсэн. Тиймээс 2021 оны 1 дүгээр сараас хойших бүх ажилд үнийн өсөлтийг тооцож гаргаж байгаа. Аль болох бүх талын судалгааг хийсэн. Нийтдээ 800 гаруй барилгын материалын нэр төрлийг гаргаж, 3 эх сурвалжаас үнийн өсөлтийг тооцож дундаж өсөлтийг гаргасан. Ингээд барилгын материалын төсөвт өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцсон. Цаашдаа гарах өөрчлөлтийг авч үзэх бололцоогүй. Энэ нь үнийн индексээр тооцогдох болно гэдгийг тодотголоо.

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ