Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-д болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-05 12:24:10

УЛААНБААТАР. /TASS/. Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ онд ОХУ-д болно.


Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээний дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


"Бид худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн хуралдаан энэ онд ОХУ-д болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. 


Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн коронавирусний цар тахлын дараа хоёр орны худалдаа хурдацтай сэргэж байгаад анхаарал хандуулав. "Хоёр талын худалдаа өнгөрсөн жил гуравны нэгээр, энэ оны эхний саруудад 40 гаруй хувиар өссөн" гэж тэрбээр онцоллоо.


С.Лавровын хэлснээр, хэлэлцээний үеэр талууд “эрчим хүч, зам тээвэр, байгаль орчныг хамгаалах, хүмүүнлэгийн болон соёлын харилцаа, сансар огторгуйг энхийн зорилгоор судлах хамтын ажиллагаа болон бусад салбарт хэрэгжиж буй, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд зэрэг бодит хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна".

Холбоотой мэдээ