БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоо 3000-аас доошилж буурчээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-07-05 10:39:30

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо 3000-аас доошилж буурсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2500 гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. 


Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар мэдээнд дурдаагүй байсан бөгөөд зургаадугаар сарын 15-ны байдлаар 73 хүн нас барсан нь халдварын нийт тохиолдлын 0.002 хувьтай тэнцэж байжээ.


БНАСАУ-д дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо даваа гаргийн 18:00 цагийн байдлаар 4.75 сая давснаас 99.9 хувь нь эдгэрч, 4620 өвчтөн эмчлүүлж байна гэж “KCNA” мэдээллээ.


Тус улсад өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа бөгөөд зургаадугаар сарын 24-нөөс хойш 10 мянгаас доошилж буурч байна.


Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ