Алеппо хотод гал зогсоохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-10 12:21:46

НҮБ. /NHK/. Сирийн хойд нутгийн Алеппо хотод яаралтай гал зогсоохыг НҮБ уриаллаа. Бүслэлтэд байгаа Алеппо хотод хэдэн сая энгийн иргэн боогдоод байгаа билээ.

Алеппо хотын баруун хэсэгт байрлаж байгаа Сирийн Засгийн газрын хүчин босогчдыг зүүн хэсэг рүү шахаж байна. Ингэснээр хоёр хэсэгт хуваагдаад байгаа тус хотын иргэд гарах гарцгүй боогджээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газар өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Алеппо хотод яаралтай гал зогсоохыг уриалсан байна.

Тог цахилгаан, цэвэр усны хомсдолд ороод байгаа хоёр сая гаруй иргэдийн амь нас аюулд өртөөд байна гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурдаад, ундны ус болон цахилгааны сүлжээг яаралтай засварлах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэв.

Мөн эдгээр байгууламжийг засварлах техникийн ажилтнуудыг нэвтрүүлэхийн тулд яаралтай гал зогсоохыг Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнүүдэд уриалжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ