ХОВД: Мянгад суманд шүлхий өвчний тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-04 15:16:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг "Лханхлан" гэх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын 2022 оны 08 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргын "Хорио цээрийн дэглэм тогтоох тухай" захирамж гарчээ.

Энэ хүрээнд долоодугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Мянгад сумын нутаг дэвсгэрт хүн малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Малын гоц халдварт шүлхий өвчний хор уршгийг арилгах, таслан зогсоох, зорилгоор мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, худалдахыг хориглов.

Одоогоор Ховд голын гүүр дээр шалган нэвтрүүлэх хяналтын цэг байгуулж, шүлхий өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн байгууллага, иргэд, малчид хамтран ажиллаж байна.

Албаны эх сурвалж хэлэхдээ “Мянгад сумын нутагт гурван өрхийн 30-аад мал шүлхийгээр өвчилсөн. Голомтын бүсэд эмч нар ажиллаж байгаа. Зэргэлдээ Увс аймгийн хил залгаа зарим сумаас уг өвчин халдварласан байх магадлалтай. Ховд аймгийн Мянгад сумаас бусад суманд шүлхий өвчний тархалт, голомт байхгүй, одоогоор хэвийн байна” гэв.

 

Холбоотой мэдээ