СҮХБААТАР: Халамжаас- Хөдөлмөрт бодлогыг сайн хэрэгжүүлж байгааг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-02 20:39:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, яамны харьяа байгууллага болох Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллав. Сүхбаатар аймгийн ХХҮГ Халамжаас-Хөдөлмөрт бодлогыг маш сайн хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.

Энэ оны эхэнд 676 өрхийн 3000 гаруй иргэн хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байсан бол хагас жилээр 407 өрхийн 1838 иргэн тус хөтөлбөрт хамрагдаж байна. Иргэдийг сургалтад хамруулж, түр болон байнгын ажилд зуучлах замаар ийнхүү хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдагсдын тоог бууруулжээ. Мөн энэ онд аймгийн хэмжээнд Наран, Түвшинширээ сум хүнсний эрхийн бичиггүй сумд болсон. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Оролцоо төсөлд Сүхбаатар аймгаас 91 залуу хамрагдан, өдгөө 58 нь ажлын байртай болжээ. Тэдний нэг нь "Хайртай" брэндийг үүсгэн байгуулагч Г.Билэгмаа бөгөөд тэрээр өдгөө ажил олгогч болсон байна. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн борлуулах Баруун-Уртад үйлдвэрлэв дэлгүүрийг тогтмол ажиллуулж байна.

Нийгмийн даатгалын хэлтэс 2021 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн. Мөн олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна. Энэ долоо хоногт шинээр киоск машиныг ашиглалтад оруулж байна. Ингэснээр үйлчилгээ, лавлагаа баримт авах, материал бүрдүүлэх жагсаалт, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, үнэлгээ өгөх боломжийг иргэдэд нээлттэй олгох юм.  Аймгийн хэжмээнд НДШ-ийн буцаалтыг 10,1 мянган албан хаагчид олгох ажил өнгөрсөн долоо хоногоос эхлээд явж байна.

Аймгийн ГБХЗХГ хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаануудыг бодлогоор дэмжиж ажилладаг. Газар дэргэдээ үйлчилгээний том заалтай нь давуу талтай. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч, хохирогчийг түр хамгаалах байрыг энэ онд шинээр ашиглалтад оруулсан. Төрийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн өрөөтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй зэрэг онцлог ажлуудыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайшаалаа. 

Холбоотой мэдээ