ЗАВХАН: Наймдугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-05 15:29:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт элсэлтийн ерөнхий шалгалтад 2413 шалгуулагч оролцсоноос дөрвөн шалгуулагч 800 оноо авчээ. Шалгалтыг хуваарийн дагуу авч, давхардсан тоогоор 70 гаруй хүн буюу хянагч багш, мэргэжилтэн, сургалтын менежер, эмч, үйлчлэгч, мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчид ажиллалаа гэж аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас мэдээлэв.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт хэрхэн өнгөрөв? Маргаантай асуудлууд гарсан уу?

-Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалт”-ыг 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль дээр зохион байгууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад Боловсролын Үнэлгээний төвийн 3, Боловсрол, шинжлэх ухааны газрын 6 мэргэжилтэн, Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн захирал, сургалтын менежер, эмч, үйлчлэгч нийт 12 зохион байгуулагч, Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 48 хянагч багш, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран ажиллалаа. Шалгалтын зохион байгуулалт сайтай, элдэв маргаан, зөрчилгүй болсон.

Харин шалгалтын явцад буюу 6 дугаар сарын 23-нд улс орон даяар шууд засалтын үеэр хоёр удаа эрчим хүч тасарсан тул засалт 30 минут саатсан. Мөн 6 дугаар сарын 24-ний өдрийн нийгмийн хичээлийн шалгалтын D хувилбарын хариултын хуудас уншигдахгүй 30 минут хүлээгдсэнээс өөр шалтгаангүйгээр зохион байгуулалтын асуудалд хүндрэлтэй зүйл гарсангүй.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын онооны дүнг товч танилцуулахгүй юу?

-Шалгалтад 2413 шалгуулагч хамрагдсанаас урьдчилсан байдлаар 400-аас бага оноо авсан 435 шалгуулагч, 480-аас дээш оноо авсан 1336 шалгуулагч байна. Харин 800 оноо авсан дөрвөн шалгуулагч, босго оноо давсан 638 шалгуулагч байна. Шалгалт өгсөн хичээлийн хэмжээст онооны дундаж нь урьдчилсан байдлаар хими 498.8, физик 511.4, түүх 540.1 оноотой байна. Харин орос хэл 519.4, нийгэм 484.4, монгол хэл 497.6, математик 502.7, газарзүй 567.8, биологи 504.8, англи хэл 467.0 байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлчхээд ямар нэгэн шалтгаанаар шалгалтдаа ирээгүй, оролцоогүй шалгуулагчид байгаа байх?

-10 судлагдахууны элсэлтийн ерөнхий шалгалтад 2560 шалгуулагч орохоор бүртгүүлснээс 2413 шалгуулагч орж 142 шалгуулагч ирээгүй байна. Их, дээд сургуульд элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 20 шалгуулагч байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны наймдугаар дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна. Тиймээс дээрх шалгуулагчид дахин шалгалтад хамрагдаж болох юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой юм. 


Холбоотой мэдээ