БНСУ-ын Сенури нам шинэ даргаа сонголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-10 09:58:52

СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын эрх баригч Сэнури нам шинэ даргаараа Ли Юнг-Хенийг сонголоо. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ойрын харилцаатай хууль тогтоогч юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд Сэнури нам ялагдал хүлээсэн бөгөөд уг ялагдлын хариуцлагыг тус намын дарга хүлээж суудлаасаа огцорсны дараа буюу өчигдөр Сөүл хотноо намын их хурал зохион байгуулжээ.

Намын их хурлын үеэр Пак Гын Хэ гишүүдийг эв нэгдэлтэй байж, ард иргэдийн дэмжлэгийг дахин олж авахыг уриалсан байна. Мөн тэрбээр, ард иргэдийн итгэлийг олж авахын тулд энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Намын шинэ удирдагчаар Ли Юнг-Хенийг сонгосноор их хурал өндөрлөсөн байна.

Ли Юнг-Хен нь өмнө нь Пак Гын Хэгийн улс төр, олон нийтийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын алба хашдаг байжээ.

Ард иргэдийн аж амьдралтай холбоотой асуудлыг зохицуулахаас ажлаа эхлүүлнэ гэж Ли Юнг-Хен мэдэгдээд, олон нийтийн итгэлийг олж, ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаа амласан байна. Өмнөх намын даргыг бодвол тэрбээр Пак Гын Хэтэй ойр холбоотой ажилладаг юм.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Пактай ойр дотно холбоотой байдаг бусад хууль тогтоогчид намын гол гол албан тушаалуудад томилогдох ажээ. Ингэснээр нам дахь Пак Гын Хэгийн нөлөө хүчирхэгжиж, ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ