ХОВД: ЭЕШ өгсөн нэг хүүхэд 800 оноо, 64 хүүхэд 700-аас дээш оноо авчээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-29 11:05:02

Ховд /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын явц, үр дүнгийн талаар Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас тодрууллаа.

Ховд аймагт 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 23-26-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын хоердугаар сургуулийн хичээлийн байранд зохион байгуулсан.   

     

                             Прогресс сургуулийн сурагч Б.Энхзул ЭЕШ-д 800 оноо авч тэргүүллээ


Энэ жил Ховд аймгаас 1182 суралцагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 1100 орчим суралцагч хуваарийн дагуу шалгалтдаа орсон байна.

Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 2906 шалгуулагч ЭЕШ өгөхөөс 2683 шалгуулагч нь зохих журмын дагуу шалгалтаа өгч, ирц 92.3 хувьтай байв. Ингээд Ховд аймгаас нэг суралцагч 800 оноо, 64 суралцагч 700-аас дээш оноо авчээ.

Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын нийгмийн ухааны хичээлээр Прогресс сургуулийн Г.Баяртунгалаг багшийн шавь Б.Энхзул 800 оноо авч, улсдаа тэргүүлсэн амжилт үзүүллээ.

Прогресс сургуулийн суралцагч Э.Энххүслэн, Э.Солонго,Э.Ундрах, О.Багагэрэл, ХоИС-ийн Лицей ахлах сургуулийн суралцагч  Б.Номуунзаяа, Б.Мөнхдэлгэр, Булган сумын нэгдүгээр сургуулийн суралцагч Л.Сэргэлэн тэргүүтэй суралцагчид 700-аас дээш оноо авлаа.

Цаашид элсэлтийн шалгалтын зохион байгуулалтыг сайжруулах талаар хэд хэдэн санал гаргаж, Боловсролын үнэлгээний төвд хүргүүлж байна. 

Үүнд: Шалгалтын төвийн камерын хүлээн авах төхөөрөмжийг засварлах, камеруудыг шинэчлэх, зохион байгуулалтын зардлыг шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө шилжүүлдэг байх, шалгуулагчдын хариултын хуудсыг зурган хэлбэрээр хадгалах, улмаар шалгуулагчийн булангаар нэвтрэн ороход шалгуулагчдад харагддаг байхаар өгөгдлийн санд байршуулбал дүн, оноотой холбоотой гомдол гарахгүй болно. Шалгуулагч нарт шалгалтын ажлын дэвтрийг өгдөг болох, шалгуулагчдад баллуур өгөхөөс татгалзаж, балласан тохиолдолд нэмэлт хариултын хуудас өгдөг болгох гэх мэт саналыг Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, холбогдох мэргэжилтнүүд уламжилсан юм.

 

Холбоотой мэдээ