АРХАНГАЙ: Гэмт хэргийн илрүүлэлт 54.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-27 10:27:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар 228 гэмт хэрэг гарч, 198 хүн холбогджээ. Үүний дотор хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 60, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 28, бусад 11 гэмт хэрэг гарсан байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 78 (52%) тохиолдлоор өссөн ба хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 (20%) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 60 (2.2 дахин их) тохиолдлоор, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 17 (94.4%) тохиолдлоор, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 2 (2 дахин их) тохиолдлоор тус тус өсжээ. Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1 (10%) тохиолдлоор буурсан байна.

Оны эхний 5 сарын байдлаар 18 болон түүнээс дээш насны 10000 хүнд ноогдох бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 37 ноогдож байгаа бол гэмт хэргийн илрүүлэлт 54.4 хувьтай байна.

Дээрх хугацаанд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 1, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 4, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 5.7 хувийг бүлэглэж, 19.3 хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан 183 хүнийг албадан саатуулж, 217 хүнийг баривчилжээ.

Мөн аймгийн хэмжээнд нийт 10619 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71,7% буюу 4411 тохиолдлоор нэмэгдсэн байна.  

Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 71 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 687.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт учирсан хохирлын 54.8% буюу 377.1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Холбоотой мэдээ