ЗАВХАН: Төрийн албан хаагчид иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-25 21:15:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Канадын элчин сайдын яамны хөгжлийн асуудал хариуцсан захирал Глен Зизански нараар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын албан хаагчид, төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, агентлагийн дунд түвшний удирдан ажилтан, шинээр томилогдсон төрийн албан хаагчдын дунд “Төрийн албаны ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Улиастайд эхлүүлээд байна. Сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Канадын элчин сайдын яамны хөгжлийн асуудал хариуцсан захирал Глен Зизанский, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар оролцож, төслийн зорилго, үр дүн, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Сургалт, хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллагуудын 80 гаруй албан хаагч оролцож байна. Тав хоногийн хугацаанд үргэлжлэх энэ сургалтад төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, агентлагийн дунд түвшний удирдан ажилтан, шинээр томилогдсон төрийн албан хаагчид мөн оролцох юм. Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн албаны шударга байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр дэд төслийн үйл ажиллагааг институцчлэх. Улмаар бусад төрийн байгууллагад түгээн дэлгэрүүлэх бодит боломж бүрдэх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Төрийн албан хаагчид үлгэр дуурайлал үзүүлэх ёстой

“Төрийн албаны ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан: “Завхан аймгийнхаа ард иргэдэд төрийн албыг төлөвшүүлж, чадваржуулах, хүнд сурталгүй, иргэндээ ойр байлгах амлалт өгснийхөө дагуу Монгол Улсын төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авч бодит ажил болгож буйд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж буй боловч хүнлэг иргэн, хүнлэг үйлчилгээ, хүнлэг төрийн албыг төгс байлгаж чадахгүй өдийг хүрчээ. Өнөөдөр олон салбарт ёс зүй, төлөвшил, хүний хөгжлийн бодлого алдагдсан байна. Иймд төрийн түшээдээсээ эхлээд төрийн албан хаагчид ёс зүйн зарчмыг чанд баримталж чадвал иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, илүү гэгээлэг нийгмийг бүтээж чадна. Цаашид улсын хэмжээнд төрийн албыг авлигаас ангид байлгах, төрийн албан хаагчдаа чадваржуулах, ёс зүйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана.” гэлээ.


Харин аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: “Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Төрийн албан хаагчид өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тиймээс Завхан аймаг 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид төрийн албан хаагчид энэхүү төслийн хүрээнд зохион байгуулж буй сургалт зөвлөгөөнүүдээс авсан мэдлэг, мэдээллээ чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагаас татгалзаж, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлж, иргэн бүртэй эрх тэгш харьцах шаардлагатай. Ингэснээр Завхан аймагт ёс зүй, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчид нэр хүндтэй байх хөрс суурь бүрдэнэ” гэв.


Төрийн албан хаагчид тогтвортой төрийг бий болгоно

“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай холбоотойгоор асуудал бэрхшээлийг тодорхойлох, хэрэгжүүлэх арга замыг санал болгох.

Турших, нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай зохион байгуулж, өөрчлөлт сайжруулалтыг хурдацтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Иймд хүний нөөцийн удирдлага, ёс зүйн бодит асуудалд чиглэх арга зүй, менежментийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг зургаан яам, таван агентлаг, гурван орон нутагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Тиймээс төслийн хүрээнд, дээрх зорилго зорилтыг ажил хэрэг болгох, үр дүнг бий болгох нь энэ сургалтад оролцож буй төрийн албан хаагчдын нэн тэргүүний зорилго. Яагаад төрийн албан хаагчид ёс зүйтэй байх юм. Яагаад шийдвэр гаргах түвшний удирдлагууд ёс зүйтэй байх ёстой юм гээд, сургалт, хэлэлцүүлгээс олж авсан мэдлэг мэдээллээ ажил хэрэг болгох нь зүйн хэрэг. Аймгийн 5500 гаруй төрийн албан хаагч иргэн бүртэй тэгш, хүртээмжтэй, нээлттэй харилцах нь төрийн үйлчилгээний хамгийн чухал алхам юм. Ингэснээр Завхан аймагт ёс зүй сахилга хариуцлагатай тогтвортой төрийн алба бий болно гэж үзэж байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.



 

 

Холбоотой мэдээ