Н.Анхбаяр: Яриа хэлэлцээ нь олон улсад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-25 11:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус хурлыг хааж хэлсэн үгэндээ Монгол Улс КОВИД-19 цар тахлын улмаас 2020-2021 онд завсарласан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг амжилтай зохион байгуулж, засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг давах, итгэлцлийг бэхжүүлэх талаарх санал бодлоо солилцсоныг тэмдэглэв. Тэрээр энэхүү бага хурал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг давах, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болсныг дурдаж, яриа хэлэлцээ нь бүс нутаг, олон улсын түвшинд тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга гэж онцлов.


Уг бага хуралд оролцогчдын төлөөлөл хаалтын хуралдааны дараа Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дурсгалын зураг татуулав. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ