БОАЖЯ, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-24 19:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 2022-2026 онд хамтран ажиллахаар болов.


Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжих, байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын үйл ажиллагаанд хамтран оролцох, зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах юм.


Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг дэлхийд чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, хот, хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэж байв.



Тэрбээр хэлэхдээ, “Монгол орон газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог болоод эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас хараат байдгаас үүдэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орны тоонд ордог. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээнд онцгой анхаарч, Шинэ сэргэлт, ногоон хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаа. Санамж бичиг байгуулснаар үндэсний хэмжээний зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрт “Рио Тинто” компанитай хамтран ажиллана” хэмээлээ.

“Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “БОАЖЯ-тай байгуулж буй энэ хамтын ажиллагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэсэн манай компанийн зорилттой нийцэж байгаа. “Рио Тинто” компани дэлхийн 35 улсад үйл ажиллагаа эрхэлдэг. Хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Иймд хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлж, Монгол орныхоо тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулан ажиллах үүд хаалга нээгдэж байгаад таатай байна” гэв.



Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийх ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хувь нэмэр оруулах үр ашигтай төсөл хэрэгжүүлэхийг зорих аж.


Талууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгасан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх, энэ чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлийг тодорхойлоход хамтран ажиллана.


Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан бол манай орны хувьд сүүлийн 80 жилд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин их байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Холбоотой мэдээ