БАЯН-ӨЛГИЙ: З.Нургулан: Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур сумын айлуудыг өндөр хурдны интернетэд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсэг олгох, айлуудыг өндөр хурдны шилэн кабельд холбох зэрэг асуудлуудын хүрээнд "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Нургулантай ярилцлаа.
- Аймгийн Холбооны газраас байгууллагуудад
тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл
өгөхгүй юу?
- Иргэдийн хувьд тоон гарын үсгийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авдаг. Харин Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсэг олгох ажлыг манай байгууллага зохион байгуулж байна. Тоон гарын үсэг авснаар төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаас аж ахуйн нэгжүүдэд шаардагдах бүх үйлчилгээг цахимаар авах боломж нээгдэнэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас явуулж байгаа улсын тооллого, тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, тендерийн бичиг баримт илгээх зэрэгт тоон гарын үсгийг заавал ашигладаг. Мөн цаашид байгууллагуудын хооронд явуулах албан тоот, бичиг баримтуудыг цаас ашиглахгүйгээр цахимаар илгээх, хүлээн авах боломж бүрдэх юм.
- Танай байгууллагаас өөр ямар шинэлэг
ажлуудыг хийж байна вэ?
- UBCab таксины үйлчилгээг аймагтаа нэвтрүүлж байгаа. Тус үйлчилгээнд манай хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс гэрээ хийн бүртгүүлж, гар утсандаа аппликейшн суулгаад нэгдэх боломжтой болсон. Үйлчилгээний давуу тал бол иргэд хүссэн цагтаа өөртөө хамгийн ойрхон байгаа таксийг дуудаж үйлчилгээ авах боломжтой. Нөгөө талаар бүх үйл ажиллагаа бүртгэл, хяналттай байдаг тул аюулгүй байдлын талаас чухал ач холбогдолтой. Тухайлбал, хүмүүс таксинд эд зүйлээ мартаж буулаа гэхэд эргээд тухайн жолоочтой түргэн шуурхай холбогдож, мартсан зүйлсээ богино хугацаанд эргүүлж авах боломжтой.
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийг
ашиглан бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлийн явцад холбогдох
байгууллагууд, иргэд орон зайнаас үл хамааран хяналт тавих боломж бүрдүүлж
байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Барилга, хот байгуулалтын яамны сайд болон "Монголын цахилгаан холбоо" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, Барилгын хөгжлийн төвийн захирлын хооронд байгуулсан гэрээний дагуу төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар хийж байгаа бүх ажлыг ард иргэд онлайнаар хянах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Жишээлбэл, иргэд утсандаа аппликейшн суулгаж, Улаанхус суманд барьж байгаа 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай онлайнаар шууд танилцах боломжтой болох юм.
- Тендерээр хийж байгаа ажлуудыг
камержуулах, шилэн кабель татахад шаардлагатай санхүүжилтийг хаанаас гаргах вэ?
- Аливаа бүтээн байгуулалтын ажлын төсөв дотор болзошгүй ажлуудын зардал гэж нийт төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байдаг. Дээрх ажилд шаардагдах санхүүжилтийг тухайн зардлаас шийднэ гэж заагаад өгсөн байгаа. Одоогийн байдлаар манай аймгийн хэмжээнд 21 тендерийн ажлыг 17 компани авсан байгаа. Тэднээс эхний ээлжинд 5 компани энэ ажлыг шууд дэмжиж, шилэн кабель татах, аппликейшнд холбох зориулалтын камер суурилуулах ажлыг хийж байна.
- Ард иргэд, албан байгууллагуудын
интернэтийн хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа. Үүнийг дагаж харилцаа холбооны
дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна?
- Төр засгаас 2030 он хүртэл FTTH буюу "Өрх бүрийг өндөр хурдны шилэн кабелийн интернэтийн сүлжээнд холбох төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн эхний ажлууд сарын өмнөөс манай аймагт хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал аймгийн төвийн 3, 4, 13 багт 40 гаруй шон босгож 10 орчим км магистраль шилэн кабель татсан. Одоо хэрэглэгч талын шилэн кабелийг татах ажил эхэлж байна. Ирэх онд манай байгууллагын зүгээс "Өрх бүрийг өндөр хурдны шилэн кабелийн интернэтийн сүлжээнд холбох төсөл"-ийг Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба холбогдох санхүүжилт нь төсөвт сууж байна.
- Бусад сумын айл өрхүүдийг өндөр хурдны
шилэн кабельд холбох вэ?
- Уг
ажлыг УИХ-ын гишүүн Т.Аубакир дэмжиж эхний ээлжинд 3 сумын айл өрхүүдийг шилэн
кабельд холбоход шаардагдах 600 орчим сая төгрөгийг төсөвт тусгуулж байна. Үлдсэн
сумдын айл өрхүүдийн хувьд дараа дараагийн жилүүдэд шат дараатай холбоно гэсэн хүлээлттэй байна.