Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.9 хувиар багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-21 09:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (14.9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 (23.9 хувь) их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлсөн  байна. Харин боловсруулах үйлдвэрлэл 107.2 (6.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 40.4 (6.5 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 13.1 (20.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 5 дугаар сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 260.4 (18.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, борлуулалт 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 312.7 (17.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (23.9 хувь) их наяд төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолт 1.1 (61.3 хувь) их наяд, газрын тос олборлолт 375.2 (97.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн байна.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, мөнгөний баяжмал олборлолтын биет хэмжээ 7.1-61.3 хувиар нэмэгдсэн байхад төмрийн хүдэр, хүрэн нүүрс, алт, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеэс 0.4– 98.5 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, согтууруулах ундаа, ус, ундаа, жүүс, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, шохой зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.1 хувиас 2.2 дахин өсөж, харин катодын зэс (99 хувь), цэвэр спирт, шингэн сүү, металл бэлдэц, нүүрсэн шахмал түлш, янжуур тамхи, гурил, амны хаалт, гар ариутгагч, малын мах, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4–96.9 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (12.8 хувь) их наяд төгрөгөөр багасав. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.4 (18.5 хувь) их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оныхоос 1.4 (18.5 хувь) их наяд төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 966.1 (43.4 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 96 (68 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Гадаад зах зээлд энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын 77.2 хувийг металлын хүдэр, 22.4 хувийг нүүрс олборлолтын, 0.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 5 дугаар сард 151.2 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар нэмэгдсэн аж. 

Холбоотой мэдээ