2011 оноос хойш 130 иргэн зам тээврийн ослоор амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-20 15:24:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 2011 оноос хойш 130 иргэн зам тээврийн ослоор амиа алдаж, 618 иргэн бэртэж гэмтжээ. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар гурван иргэн амиа алдсан байна. Зам тээврийн солоор амиа алдсан иргэдийг хүндэтгэх үйл ажиллагааг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь ихэнхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүс зүүгээгүй, мотоциклтой иргэд хамгаалах малгай өмсдөггүй зэрэгтэй холбоотой байдаг. Энэ талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хийдэг ч иргэд ялангуяа малчид хайнга байдлаасаа бол зам тээврийн осолд өртөх нь элбэг байдаг тухай Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Баянжаргал хэллээ.


Осол хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах, хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг 6 дугаар сарын 20-ноос эхлүүлж, энэ үеэр нээлтийн үйл ажиллагааг давхар зохион байгуулсан. Уг аян гурван сарын хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, зам тээврийн ослын улмаас амь, эрүүл мэнд хохирох тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн дээрх ажлуудыг Цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа аж.  

Холбоотой мэдээ