Эрүүл мэндийн салбарынхан хүүхэд хамгааллын бодлогод нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-19 13:35:36
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг Хүүхэд хамгааллын бодлогод нэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд ХЭХЗХ-ны дарга, гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцож, Хүүхэд хамгааллын бодлого, Гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд ХЭХЗХ-оос хариу үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээлэл, Иргэний нууц хадгалах, эмнэлгийн байгууллагын ажилтны эрх үүргийн талаарх мэдээлэл, Хүүхэд хохирсон, хүүхэд оролцсон гэмт хэрэгт эмнэлгийн байгууллагын анхаарах зүйл зэрэг мэдээллийг хүргэн, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хувь хүний нууцыг хамгаалах, хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг баримталж ажиллахаа илэрхийлэн "Баталгааны хуудас"-т гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн газар "Хүүхэд хамгааллын бодлого"-оо баталлаа.
Нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд хохирогч хүүхдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг асуудлууд, хүүхдийн нууцыг хамгаалах, эмнэлгийн ажилтны ёс зүй, хүүхдэд үзүүлэх үйлчилгээг хэрхэн үр дүнтэй менежмент хийж, зохион байгуулах талаар дараах шийдэлд хүрлээ. Үүнд,
Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетыг бүрэн тохижуулж үйл ажиллагааг тогтмолжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хохирогчдод үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн нэг системтэй зохион байгуулж, нэг цэгээс олон талт үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг санаачлан хийж гүйцэтгэхээр боллоо.
Холбоотой мэдээ