П.Дөлгөөн: Алслагдсан сумдын 860 гаруй хүүхэд залууст хувь хүний ур чадварыг эзэмшүүлж, тэднийг хөгжүүлж байна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-17 15:40:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Японы Хүүхдийг ивээх сан нь Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментийн дор хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ төслийн үр шимийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 860 гаруй хүүхэд хүртжээ. Энэ талаарх мэдээллийг Японы Хүүхдийг ивээх сангийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөнөөс тодруулж ярилцлаа.  

 

-Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжиж буй төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Японы Хүүхдийг ивээх сан нь Японы Нийгмийн хөгжлийн сангийн  буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментийн дор хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох” төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд 2019-2023 оны хооронд хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн хамтрагчаар Боловсрол шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа. Төсөл Завхан аймгийн Баянтэс, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул суманд хэрэгжиж байгаа.

-Төслийн зорилго?

-Энэ төсөл нь орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулах, цаашид хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой. Төсөл нь үндсэн гурван зорилттой. Эхний зорилтын хүрээнд зөвхөн монгол хүүхдийн онцлогт тохирсон хувь хүний ур чадвар энтепренершипийн мэдлэг олгох ESEL хөтөлбөрийг боловсруулж, сонгогдсон 25 сум бүрт зөвлөх багш бэлтгэж Завхан аймгийн хэмжээнд нийт 32 зөвлөх сургагч багшийн тусламжтайгаар 8-12-р ангийн болон 18-25 насны залуусыг сургах зорилготой.

Ингээд Завхан аймгийн зорилтот сумдад 2021 оны гуравдугаар сард эхэлсэн сургалтаас хойш нийт гурван удаагийн сургалтаар нийт 805 суралцагч энэ сургалтад амжилттай хамрагдаж төгсөөд байна. Өөрөөр хэлбэл манай төсөл Завхан аймгийн алслагдсан сумдын 860 гаруй хүүхэд залууст хувь хүний ур чадварыг эзэмшүүлж, тэднийг хөгжүүлж байна.  

ESEL сургалтад сонгогдсон сумдын ерөнхий боловсролын сургуулийн 8-12-р ангийн суралцагчид сайн дураараа хамрагдсан. Ингээд 10 долоо хоногийн турш танхим болон танхимын бус цаг хосолсон 66 цагийн маш сонирхолтой өвөрмөц сургалтад хамрагдаж дахин давтагдашгүй дугаарлалт бүхий сертификатыг гардан авсан.

Түүнчлэн 18-25 насны залууст энэ сургалт боломж олгож буйгаараа онцлог юм. Зургаан сумын 18-25 насны залуус өөрсдийн хүсэлтээр ESEL сургалтад хамрагдаж байна, цаашид төслийн хугацаанд тус насны залуус сонирхлоороо бүрэн хамрагдах боломжтой. Харин хоёрдугаар зорилтын хүрээнд ESEL сургалтад амжилттай хамрагдсан хүүхэд залууст сурсан мэдсэнээ бодитоор туршихад дэмжлэг үзүүлэх зорилгоор бичил төслийн уралдааныг зохион байгуулдаг. Энэ бичил төслийн уралдаанд сурагчид гурваас зургаан хүнтэй баг болж өөрсдийн бизнес санааг бичил төслийн хэлбэрт оруулж бичих бөгөөд багууд хоорондоо биш зөвхөн шалгууртайгаа өрсөлдөж өөрсдийн бизнес санаагаа бодит болгох бүрэн боломжтой юм. Бичил төслийн уралдаанд сургалтад хамрагдсан 18-25 насныхан мөн оролцох эрхтэй бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн гэдэг утгаараа сум орон нутгийн хэмжээнд хэрэгжихүйц санаагаар оролцвол илүү дэмжигдэх магадлалтай.

Харин 8-12-р ангийн сурагчдын тухайд сургуулийн хүрээнд хийх бизнес санаа байвал сайн гэсэн ерөнхий шалгууртай юм. Энэ бичил төслийн уралдааныг сум бүрт очиж баяр ёслолын хэлбэртэйгээр зохион байгуулдаг гэдгээрээ онцлог бөгөөд тус арга хэмжээг pitch day буюу мини шарк танк хэлбэрээр хийдэг. Багаараа бичсэн төслөө танилцуулж шалгарвал нэг удаадаа 2 800 000 төгрөг хүртэлх санхүүжилтийг буцалтгүй хэлбэрээр олгох юм.

Pitch day уралдааныг 2021 оны 12 дугаар сард болон 2022 оны гуравдугаар сард зохион байгуулсан. Гэхдээ манай төсөл цэвэр боловсролын төсөл юм, бичил төсөл бичүүлэх мини шарк танк зарлахаар хүмүүс бизнесийн төсөл гэж андуурах тохиолдол бий, бидний арга аргачлал нь хувь хүний ур чадварыг сайжруулах, өөрийгөө илэрхийлж сурснаар тухайн сурагч бусад хичээлдээ ч бас сайжирч байгаа олон сайхан жишээ бий. 

Түрүүн хэлсэнчлэн сургалтад бүртгүүлээд, сургалтдаа хамрагдаж сертификатаа аваад, мини шарк танкдаа орж шүүгчдийн өмнө санаагаа танилцуулна, төсөл нь шалгарлаа гэхэд 6 сарын турш төслөө багаараа амжилттай хэрэгжүүлнэ, тайлангаа бичнэ, багштайгаа, төслийн багтай харьцана, бизнесийнхээ хүрээнд сургуулийнхаа бүх хүүхэдтэй, сумын төлөөлөлтэй харилцана гэх мэтээр тасралтгүйгээр хөгжих бололцоотой болж байгаагаараа их онцлог юм.


/Төслийн менежер Ё.Нямдаваа, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаа нар "Сургуульд суурилсан Энтерпрайз хэрэгжүүлэх гэрээ"-нд гарын үсэг зурав./


-Pitch day уралдаанд хэчнээн төсөл ирсэн бэ? Төслийн санаа, онцлог үр дүн гарсан уу?

-Pitch day уралдаанд нийт 13 багийн 32 сая төгрөгийн төсөл дэмжигдэж сурагчид өөрсдийн санаагаа бодит ажил хэрэг болгож энтрепренерийнхээ мэдлэгийг улам сайжруулж байна. Мөн энэ оны зургаадугаар сарын 2-4-нд зохион байгуулсан Pitch day уралдааны хоёрдугаар шатанд нийт 40 багаас 28 багийн төсөл шалгарч үлдсэн бөгөөд гуравдугаар шатанд олон багийн төсөл тэнцэж, хүүхэд залууст өөрсдийн олсон бизнес санаагаа бодит болгон туршиж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Суралцагчид ESEL сургалтад баг болж суралцахдаа өөрсдийн бизнес санааг олдог бөгөөд хэрхэн санаагаа зөв бизнес бүтэцтэй бичих вэ гэдэг талаар сургалтын явцад суралцдаг юм.

Өнөөдрийг хүртэл зохион байгуулсан Pitch day бичил төслийн уралдаанд ирсэн бизнес санаануудыг ангилж үзвэл сум орон нутгийн суралцагч нар маань хичээлээ давтаж суухдаа кофе уух номтой кофе шоп, бичиг хэргийн үйлчилгээ, найз нөхдөөрөө хамт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх хөгжлийн өргөө, сургуулийнхаа илүү зай танхимыг ашиглаж интернэтийн үйлчилгээ эрхлэх гэх мэт өөрсдөд нь яг хэрэгцээтэй ч тухайн сумандаа байхгүй зүйлсийг соргогоор олж харж төсөл болгож танилцуулах, олсон санаагаа үнэхээр асуудал байсан гэдгийг шүүгчдэд нотлох зэргээр маш сайн хөгжиж чаддаг юм байна лээ.


/Төслийн ажилтан Б. Мягмарсүрэн сурагчдад сертификат олгож буй нь/


Төсөл нь  хараахан тэнцээгүйгээ мэдсэн хүүхдүүд дараагийн удаа заавал ороод ирнэ гэж тайзнаас инээмсэглээд буух нь элбэг. Үүнийг бид өсөлтийн сэтгэлгээ нь үнэхээр хөгжиж чаджээ гэж хардаг. Учир нь ESEL сургалтаар олж авах бас нэг мэдлэг нь “Хүн ямарваа нэг зүйлд заавал амжилт гаргахгүй байж болно. Гэхдээ дахиад оролдож үзэх хэрэгтэй. Хэд дахин оролдож ч болно. Тэгж байж л та амжилтад хүрнэ гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх юм”. Үүнийг манай сургалтад өсөлтийн сэтгэлгээ Growth mind гэдэг. Мөн томчуудын бараг мэдэх ч үгүй шахуу виртуал аялал хөгжүүлэх үйлчилгээ, өөрсдийнх нь нөөц бололцооноос хэтэрсэн ч гэсэн сумаа хөгжүүлчих юм сан гэсэн томоохон төслийн санааг санаачлах гэх мэтээр санаанд оромгүй өвөрмөц бизнесийн төсөл санаачилж орж ирж байгаа нь одоогийн хүүхдүүд ямар их мэдээллийг авч, боломж байвал түүнээс атгахад бэлэн болсон шинэ үе иржээ гэсэн сэтгэгдэл төрж байсан шүү.  


Pitch day бичил төсөл шалгаруулах үйл ажиллагаа нь цаашид төсөл дуустал сургалт бүрийн төгсгөлд зохион байгуулах бөгөөд нэг удаа ороод тэнцээгүй баг эсвэл сурагч  нийт гурван удаа оролцох эрхтэй гэдгээрээ уян хатан хийгээд үүгээрээ сурагчдыг тасралтгүй суралцах хөгжих үйл ажиллагааг дэмжиж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн төсөлд хамрагдаж буй аймгийн зорилтот сумдын дунд сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэх уралдааныг зарласан. Уралдаанд Завхан аймгаас Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс сум оролцож, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 87 сая төгрөгийн буцалтгүй санхүүжилтийг авч өөрсдийн санаачилсан энтерпрайзаа сургуулиараа хамтран хэрэгжүүлэхээр болсон баяртай мэдээтэй байна.

-Энтерпрайз гэж юу вэ?

-Сургуульд суурилсан энтерпрайз гэдэг нь сургууль өөрсдийн хүн хүчний нөөц, сургуулийн байршил онцлогтоо суурилан бизнес санаа гаргаж, түүнээс олсон ашгаараа өөрийн орлогыг бүрдүүлэх гэх зэрэг нэг үгээр хэлбэл сургуулийнхаа дэргэд, түшиц бизнес төвтэй болох боломж бүрдэх юм. Тэгэхээр Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн хувьд 87 сая төгрөгийн санхүүжилтийг нэг удаадаа буцалтгүй тусламж хэлбэрээр авч төслөө хэрэгжүүлэх юм. Санхүүжилтийг Хүүхдийг ивээх сангийн төслийн хүрээнд олгож буй тэтгэлэг юм.

Харин “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершип боловсрол олгох” төслийн гуравдугаар зорилтын хүрээнд ESEL сургалтын агуулга, хэлбэр, нэгэнт бий болсон сургууль багш нарын туршлагыг тогтвортойгоор хангах зорилгоор төрийн болон бусад байгууллагатай хамтран төслийн тогтвортой байдлыг цаашид хангаж ажиллана. Энэ зорилгын дагуу төслийн аймгийн зөвлөл нэг, сум бүрт төслийн сумын зөвлөл нэгийг байгуулан ажиллаж байна. Тус зөвлөлүүд нь төслийн хэрэгжилтийн хугацаанд орон нутгийн дэмжлэг үзүүлэх хийгээд төсөл дууссанаас хойш тогтвортой байдлыг хангах ажлыг хийх юм.

Энэ оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо тус төслийн туршлага солилцох үндэсний семинар болсон. Энэ семинарт Завхан аймгаас нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, туршлагаа амжилттай солилцсон. Төсөл хэрэгжиж буй сум тус бүрээс хоёр оролцогч оролцож, сум орон нутагтаа тус сургалтыг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүн гарсан хийгээд, цаашид хэрхэн ажиллавал илүү тодорхой үр дүнд хүрэх вэ гэсэн бүтцийн дор 150 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй семинарыг зохион байгуулсан.  

-Энэ төслийн онцлог нь?

-Хувь хүний ур чадвартай ажилтан гэдэг зүйл дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн чухал байр суурийг эзэлж хувь хүний ур чадварыг сайжруулах хөтөлбөрүүд бусад орны ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт, зарим их дээд сургуулийн хөтөлбөрт орсон байдаг юм байна. Тэгэхээр яах аргагүй дэлхийд трэнд болж буй хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтыг Монгол орны нөхцөлд, ялангуяа алслагдсан сумдын хүүхэд залууст зориулж дэргэд нь авчирч буйгаараа онцлог юм. Мөн хэн нэгний зохиосон сургалтыг хуулбарлаагүй. Монголын боловсролын салбарын тэргүүлэгч гурван эрдэмтэн, Энтрепренерийн үндэсний зөвлөх болон Америкийн нэгдсэн улсаас хувь хүний ур чадварын зөвлөхийг урьж эдгээр таван хүний, зөвхөн монгол хүүхдийн онцлогт тохируулан шинээр бий болгосон агуулга, арга зүйтэй  хөтөлбөр боловсруулсан гэдгээрээ их онцлог юм.


/Завхан аймгийн Баянтэс сумын "ESEL" -ийн суралцагчид сургалтын үеэр/


Түүнчлэн сургагч багшаа бэлтгэх, сурагчийн хүсэлтийг авахаас өгсүүлээд бүгд тухайн сурагч, багшийн сайн дурын үндсэн дээр буюу тэдгээрийн хүсэл сонирхолд тулгуурлагддаг гэдгээрээ сайн дурын шинж чанартай. Тухайн сурагч манай төслийн танилцуулгыг сонсож хүсэлтээ гаргахаас эхэлсэн цагаасаа тасралтгүйгээр тухайн сурагчийн хувь хүний ур чадварыг хөгжүүлж өгдөг гэдгээрээ бусад төсөл хөтөлбөрүүд болон боловсролын төслүүдээс ялгаатай, онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл ESEL гэдэг сургалт нь entreupreunership focused socio-emotional learning буюу энтрепренерт суурилсан хувь хүнийг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх гэсэн утгатай. Тэгэхээр бидний мэддэг танхимын сургалтуудаас нэг өөр зүйл нь тухайн хүүхэд залуусын хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд явуулж буй сургалт маань насны хувьд ялгаатай 8-12 ангийн сурагчдыг нэг танхимд цуг хичээллэж, тус сурагчид сургалтын туршид дөрвөн сурагчтайгаар баг болж дүрд орох хэлбэрээр, багийн бүх гишүүд үүрэг хүлээх бөгөөд харилцааны менежер, маркетингийн менежер, үйл ажиллагааны менежер, материал түүхий эд хариуцсан менежерийн үүргийг тус бүр хүлээж сургалтдаа оролцдог гэдгээрээ онцлог.

Ингэснээр хүүхдүүдийн өөрт байсан ур чадвар мэдрэмжүүдийг нээн илрүүлэх. Багшдаа асуугдахдаа ярьж чаддаггүй байсан сурагч харьцангуй нээлттэй ярьж сурах. Найз нөхдөдөө өөрийгөө илэрхийлэх чадвар сул байсан сурагчид хэнтэй ч үзэл бодлоо энгийнээр хуваалцах чадвартай болж байгаа нь төсөл хэрэгжиж буй бүх газарт гарч буй эерэг өөрчлөлт гэж харж болно. Бид сумдад ажиллахдаа сурагчдаас асуудаг юм. Сургалтаас чи юу олж авав гэж, их хөөрхөн би өөрийгөө үнэхээр сайн илэрхийлж сурсан. Би маш их нээлттэй болсон гэж сурагчид хариулдаг бол, зарим багш нар миний хүртэл ярих чадвар тус сургалтыг заагаад дээшилсэн гэхээр та нар итгэхгүй дээ. Би математикийн багш тоогоо заадаг байлаа гэтэл одоо ESEL сургалтын зөвлөх багш болоод ярих нь, өөрийгөө энэ хүүхдүүд шиг илэрхийлэх дуртай болсон гэсэн багш хүртэл байсан. Төсөл хэрэгжиж буй 25 сумын хаана ч очоод асуусан хамгийн түрүүнд сурагчдын хэлдэг үг бол “би өөрийгөө илэрхийлж сурсан” гэсэн үг байдаг. Энэ их чухал юм.


Хүний харилцааны хамгийн чухал, ямар ч мэдлэгээс илүү хүнд байх ёстой зүйлсийн нэгийг өөрийгөө илэрхийлэх чадвар “soft skill” гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ чадвар ирээдүй болсон хүүхэд багачуудад ялангуяа сум орон нутгийн хүүхэд залууст тун хэрэгтэй гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацааны үр дүнд гарч ирсэн.

Ийм ч учраас сая Улаанбаатар хотод болсон семинарын үеэр холбогдох хамтрагч талууд, бидний ESEL сургалтын агуулга арга зүйд тун их ач холбогдол өгч сонирхож, бусад сум сургуульд хэрэгжүүлэх бололцоо бий эсэх тухайд ихээхэн ач холбогдол өгч оролцсон.

-Ингэхэд Японы Хүүхдийг ивээх сангийн Завхан салбарыг товч танилцуулахгүй юу? Ямар чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна?

Хүүхдийг ивээх сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч хатагтай Эглантин Жебб хүүхдийн эрхийн асуудлыг анх удаа олон улсад дэвшүүлж, улмаар хүүхдийн эрхийн тунхгийг боловсруулсан түүхтэй. Хүүхдийн эрхийн тунхаг 1924 онд Үндэстнүүдийн холбоогоор батлагдаж, 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болж, өдгөө хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн гэрээ болсон юм.

Хүүхдийг ивээх сан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулах болжээ. Монгол дахь хөтөлбөр нь 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг ивээх сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг ивээх сан ажиллаж байна. Хүүхдийг ивээх сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой юм. Японы Хүүхдийг ивээх сан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон долоон аймагт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг хүүхэд бүрд хүртээх зорилготой ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар 40000 мянга гаруй хүүхэд Хүүхдийг ивээх сангийн төслийн үр өгөөжийг шууд хүртсэн байна. Хүүхдийг ивээх сангийнхан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, эрхээ ялгаварлалгүй эдэлдэг, хариуцлагатай нийгмийг цогцлоохын төлөө хичээл зүтгэлээ зориулж ажилладаг. Үйл ажиллагааны үндсэн чиглэл гэвэл, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлдэг.

Японы Хүүхдийг ивээх сан нь 2020 оны гуравдугаар сард Завханд салбараа нээсэн бөгөөд түүнээс хойш хоёр ажилтан тус аймагт Японы Хүүхдийг ивээх сөлөөлөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн ирээдүйд гарах үр дүн ямар байх бол?

-Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих төслийн зорилго бол мэдээж 25 сумын 6000 хүүхэд залуусыг хувь хүний ур чадвар энтрепренерийн мэдлэгтэй болгоно. Илүү том зургаар харвал манай төслийн үр өгөөж урт хугацаандаа эдгээр 6000 гаруй хүүхэд залууст амьдралынх нь туршид хамгийн хэрэг болохуйц хувь хүний ур чадваруудыг олгож байгаагаараа илүү онцлог гэж бид ойлгож байгаа. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ