Аймгийн хэмжээнд 79 мянга гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-09 17:52:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарынхан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 26-ны байдлаар долоон төрлийн 79090 ширхэг мод сөөг тарьжээ. Үүнд нийт 245,2 сая төгрөгийг зарцуулсан байна.


Мод тарих ажилд 131 албан байгууллагын 8347 иргэн оролцжээ.

Тарьсан мод нь шилжүүлэн суулгаснаас хойш 7-10 хоногийн хугацаанд тухайн газартаа дасан зохицож ургах чадвартай болдог. Тарьсан модны усалгаа ургалтын байдалд хяналт хийхэд модны нахиа задраагүй, ургалт удаашралтай байна. Мод тарьж ургуулахад тарих ажил 1 хувь, 99 хувьд нь усалгаа, арчилгааны ажлыг хийж байж ургадаг. Мод хэдийчинээ усалгаа, арчилгаа сайн байна төдий чинээ орчиндоо хурдан дасч, хурдан ургана. Ингэж тогтмол усалгаа, арчилгаа хийсэн модны навч гүн ногоон өнгөтэй, навчны хэмжээ том, гялгар, титэм сайтай, өсөлт өндөр байдаг. Иймд албан байгууллага, айл өрхийн иргэд тарьсан модондоо усалгаа, арчилгааг тогтмол хийхийг зөвлөж байна. Усалгааг долоо хоногт хоёр удаа буюу долоо хоног бүрийн лхагва, баасан гаригт тогтмол хийхийг аймгийн БОАЖГ-аас анхааруулав.

Аймгийн УЦУОШТ-өөс мэдээлснээр, ойрын өдрүүдэд агаарын температур 21-26 градус дулаан, хуурайшилтай, халуун салхитай байх аж.

 

Холбоотой мэдээ