Хүнсний салбар мэргэжилтэй боловсон хүчнээр 80 хувь дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-08 17:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнд оролцсон мэргэжлийн хүмүүсийн зүгээс хөндсөн нэг чухал сэдэв бол хүнсний салбарын үйлдвэрлэл мэргэжлийн ажилтан, мэргэшсэн боловсон хүчнээр дутагдаж буй тухай байв.

Хүнсний салбар үндсэн нарийн мэргэжлийн ажилтнаар 80 хувь дутагдаж буйг Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн нийгэмлэгээс мэдээлж байна. Үүнийг мэргэжилтэнг бэлтгэх хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн сургалт цөөрсөн, байгаа боловсон хүчин нь уул уурхай зэрэг бусад салбарт шилжин ажиллаж буйтай холбон тайлбарлаж байна. Эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал нь хүнсийг боловсруулж, үйлдвэрлэн хийж буй хүмүүсээс голлон шалтгаалдаг. Тэд хамгийн эхлээд хүнсний аюулгүй байдлыг мэдэж, хангаж байх учиртайг онцолж байна.

Манай улсад 2004 онд ШУТИС болон бусад мэргэжлийн сургуульд хүнсний технологич, эрүүл ахуйчийн ангийг нээж ажиллуулж дээрх мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж байсан бол одоо ийм мэргэжлээр сургах байдал үгүй болсноор мэргэжлийн ажилтан, чадвартай боловсон хүчнээр дутагдаж байна.

Тиймээс эрүүл, аюулгүй хоол, хүнс бэлтгэхийн тулд, хүн амаа хүнсээр хангахын тулд хүмүүсийг сургах, хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй бүх хүнийг эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлээр сургах хэрэгтэй байгааг хэлж байна. Энд төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлага үүсэж буйг хөндөж байна. 




Хоол, хүнс үйлдвэрлэлээр өмнө гарсан шийдвэрийг эргэн харж хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд хэлж байна. Энд “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг жишээ татаж байлаа. Дээрх хөтөлбөрийн дагуу сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг БШУЯ зохион байгуулж ирсэн. Сургалтад эхний жил нийслэлийн 18 сургуулийн тогооч нарыг хамруулсан бол өнгөрсөн жилийн сургалтаар 21 аймгийн ЕБС, дотуур байрны 300 тогоочийг сургажээ. 




Онолын болон дадлага хэлбэрээр явуулж ирсэн уг суралт нь сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачлал, дотоод эрүүл ахуйн хяналт, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулахад чухал хэрэгтэй байсныг сануулж байна.

Сургалтыг ЕБС, дотуур байрны тогооч нарын мэдлэг ур чадвар дээшилж, суралцагчдыг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад дэмжлэг болох зорилгоор зохион байгуулж ирсэн сайн туршлагыг улам хэрэгжүүлэх нь зүйтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Холбоотой мэдээ