Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед морин хуур хөгжмийг бүтээхдээ эцэг өвгөдөөс өвлөсөн урлах ухааныг гажуудуулж янз бүрийн хэлбэр хийц, материал түүхий эдээр хийх болсон нь морин хуур хөгжмийг үнэгүйдүүлж мөн чанарыг нь алдагдуулахад хүргэжээ. Ийм морин хуур хөгжмийн гайхамшгийг хэвээр авч үлдэхэд шаардлагатай үндэсний стандартыг Стандарт, хэмжил зүйн газраас бий болголоо.
Тус стандартыг хувийг Мэргэжлийн морин хуур урлаачдын холбоонд гардуулав. Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер урлаач Б.Баярсайхан хэлэхдээ, “Анх 2009 онд нийт морин урлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, мэргэжлийн тоглооч, судлаач нарын бүрэлдэхүүнтэй морин хуурын үндэсний стандартыг бий болгох зорилгоор хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн ч удаа өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийн морин хуур хөгжмийг бүтээхэд шаардлагатай мод, хялгас бас бус зүйлийн стандарт хэмжээ чанар ямар байх зэргийг өв уламжлалтай нягт барилдуулан тогтоосон” гэв.


