Казахстанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-06-06 08:34:34

Нур-Султан /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн сонгууль 6 дугаар сарын 5-нд болж өнгөрлөө.


Орон нутгийн цагаар 07.00 цагт 10.012 санал хураах хэсэг  нээгдэж 11.700.000 гаруй иргэд санал хураалтад оролцох эрхтэй хэмээн Сонгуулий төв комиссоос мэдэгдсэн юм. Мөн  Монгол Улс зэрэг гадаадын 52 оронд 65 санал хураах хэсэг нээгдсэн юм. Энэ удаад Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 33 заалтад өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлжээ.


Казахстаны Сонгуулийн төв комиссоос  Нур-Султан хотын “Hilton” зочид буудалд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнээр орон нутгийн цагаар 17.00 цагийн байдлаар  сонгогчдын  60 хувь нь саналаа өгсөн бөгөөд  санал хураах хэсгүүд 22.00 цаг хүртэл ажилласан юм.


Санал хураалтын явцыг ажиглахаар гадаадын 200 гаруй сэтгүүлчид, Европын аюулгүй байдал ажиллагааны байгууллагын төлөөлөгчид,  ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, ОХУ, Турк, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид санал хураалтын үйл явцыг ажиглахаар тус улсад  хүрэлцэн иржээ. Санал хураалтын албан ёсны дүн 6 дугаар сарын 6-ны даваа гарагт гарах юм.

Холбоотой мэдээ