“Паксловид” өндөр настнуудын халдварын эрсдлийг бууруулж байгааг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-03 15:49:40

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Pfizer” компанийн “паксловид” эм 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн COVID-19”-өөр халдварлан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдлийг вакцинд хамрагдсан эсэхээс нь үл хамааран бууруулж байгааг Израилд явуулсан шинэ судалгаагаар тогтоожээ.


Гэхдээ залуучуудыг хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эсэх нь тодорхойгүй байгааг Израилын “Clalit” эрүүл мэндийн байгууллагаас “омикрон” хувилбарын тархалтын үеэр явуулсан судалгаанд дурдсан байна. 


COVID-19”-өөр дөнгөж халдварласан хүмүүсийг эмчлэх, эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хүндээр өвчлөхөөс сэргийлэх зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн “паксловид”-ын хэрэглээ АНУ-д халдварын тархалт ихсэхтэй зэрэгцэн эрс өсжээ. 


Урьд нь “Pfizer”-ийн эмнэлзүйн туршилтаар “паксловид”-ыг вакцинд хамрагдаагүй, хүндээр өвчлөх эрсдэлтэй хүчин зүйл бүхий хүмүүст туршихад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 90 хувиар бууруулж байгааг тогтоосон юм. Туршилтыг “дельта” хувилбарын давлагааны үед явуулжээ.


Харин Израилд явуулсан, “Research Square” цахим платформд нийтэлсэн судалгаагаар “омикрон” хувилбар давамгайлан тархаж байх үе буюу нэгдүгээр сарын 9-нөөс гуравдугаар сарын 10-нд 110 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Энэхүү судалгаанд хөндлөнгийн мэргэжилтнүүд үнэлгээ дүгнэлт хараахан хийгээгүй байгаа юм


Ингэхэд вакцинд хамрагдаагүй, халдвар авч байгаагүй өндөр настнуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 86 хувиар буурсан бол дархлаатай хүмүүсийнх арай бага /60 хувь/ байжээ. Тодруулбал, “паксловид” уусан 65-аас дээш насны хүмүүсийн 0.6 хувь буюу 2504 хүний 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Харин эм уугаагүй хүмүүсийн эмнэлэгт хэвтсэн үзүүлэлт гурав дахин өндөр буюу 40315-аас 762 байжээ.


Clalit” байгууллагын судлаач Ронен Арбелийн ярьснаар, 40-64 насны хүмүүст дархлаа тогтсон байсан эсэхийг үл харгалзан дорвитой өөрчлөлт ажиглагдаагүй байна. Нас барах эрсдэлийн тухайд, эм 65-аас дээш насныхны эрсдлийг хамгийн өндөр буюу 81 хувиар бууруулжээ. Харин халдвараар нас барах эрсдэл бага байгаа залуучуудын дунд үр нөлөө ажиглагдаагүй байна. 

Холбоотой мэдээ