Хотуудын ногоон хөгжлийн чиглэлээр уриалга гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор Улаанбаатар хотноо хоёр өдөр чуулсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум өндөрлөж, Уриалга гаргалаа.
Форум хотуудын ногоон хөгжлийн хүрээнд байгаль цаг уурын өөрчлөлт, эрчим хүчийг ээлтэй технолгиор хөгжүүлэх, газрын баялгыг зөв зохистой ашиглах чиглэлээр үзэл бодол, туршлагаа хуваалцсан чухал ач холбогдолтой болсон гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хаалтын үеэр онцлов.
Тэрбээр, "Зүүн хойд Азийн хотууд ногоон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч, манлайлагч байж, хүнээ дээдэлсэн, эх дэлхийгээ хайрласан бодлогыг хэрэгжүүлж, олон улсад үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байна. Форумаас гарсан уриалгыг Улаанбаатар хот хэрэгжүүлнэ. Мөн хөрш хотуудаа энэхүү уриалгыг хэрэгжүүлэн ажиллахыг хүсч байна” гэлээ.
Ингээд та бүхэнд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумаас гарсан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уриалгад, "Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хотуудын ногоон өсөлт: Эрчим хүчний ногоон шийдлүүд” байлаа. Чуулганы оролцогчид энэ сэдвээр санал бодлоо солилцож Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотуудын туршлагаас хуваалцлаа. Уулзалтын эхэнд оролцогчид СОР 21, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлогын талаар хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн Хойд Азийн хотууд бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулахад дэлхийн олон хотуудад хэрэгжүүлэхэд тохиромжтой цэвэр эрчим хүч, үр ашигтай хувилбаруудыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, тээврийн оновчтой шийдлүүдлийн талаар ярилцлаа. Энэхүү чуулганаар хэлэлцсэн сэдвүүдийг дурьдвал:
Cop 21, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлого
Цахилгаан, дулаан болон хийн хангамж, шийдэл
Эрчим хүчний хэмнэлт, хэрэгжүүлэх арга зам, урамшууллын тогтолцоо
Бүс нутгийн сэргээгдэх цэвэр эрчим хүчний технологи
Эко тээвэр болон агаарын бохирдлыг бууруулах нь: хотуудын санаачлага, туршлага
Хотын дарга нар 2 өдөр хэлэлцсэний үр дүнд “Зүүн Хойд Азийн хотууд бид, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах замаар цаашид хотоо цэцэглүүлэн хөгжүүлэх, хүн амын амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээнд үргэлж анхаарч ажиллах болно” гэдгээ нэгэн дуугаар уриалж байна.
Зүүн хойд Азийн хотууд бид: хотоо сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар эдийн засгийн хувьд хүчирхэг, иргэдээ ажилтай, бизнесийг тогтвортой хөгжүүлнэ;
Дулаан болон хөргөлтийг цэвэр хямд эрчим хүчний эх үүсвэртэй болгож, хотын нийтийн тээврийг найдвартай, үр ашигтай байлгаж хотоо цэцэглүүлэн хөгжүүлэх болно.
Тиймээс, бидний эхний зорилго сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжсэнээр дараах асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна. Үүнд:
Нүүрстөрөгчийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгана
Хот дахь агаарын бохирдлыг бууруулснаар, хотын иргэдийн эрүүл мэндийн зардлыг багасгана
Дулааны болон хөргөлтийн зардлыг бууруулснаар, иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгоно
Хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ?
2030 онд одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгох
2020 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах нийтийн тээврийн унааг санаачлан, турших.
Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа, туршилтанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж байх
2020 он гэхэд бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогыг илүү боловсронгуй болгох
Одоогийн дулаан болон хөргөлтийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх
Дээрх зорилгыг хангахад бүс нутгийн хотууд бие биендээ туслан, харилцан туршлага солилцож, хамтран цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Оролцогчид Улаанбаатар хотын иргэдэд халуунаар угтан авсан зочломтгой занд нь баярласан талархахын зэрэгцээ Улаанбаатар хотыг орчин үеийн, хөгжин цэцэглэж буй хот болгоход гаргасан гайхамшигтай ололт амжилтад нь баяр хүргэж байна" гэжээ.
Ч.Ариунболд